Та дуртай зохиолчоо сонгоно уу!

Дейл Карнеги

Дейл Карнеги

Миссури муж улсын хэний ч үл мэдэх нэгэн фермээр явсан Дейл Карнеги хүн төрөлхтөний нэгээхэн хэрэгцээг хангах аргыг олсон учраас дэлхий дахинаа алдаршсан билээ. Тэрээр ийнхүү хэрэгцээтэй юм хийхээ бүр 1906 онд ухаарчээ. Тэгэхэд залуу Карнеги Миссури муж улсын Уорренсбергийн коллежийн төгсөхийн өмнөх дамжааны оюутан байжээ. Боловсрол олж авахын тулд түүнд олон бэрхшээл гэтлэх хэрэгтэй болжээ. Тэр ядуу гаралтай байв. Эцэг нь дотуур байрны хөлсийг төлж чадахгүй байсан тул Дейл өдөр бүр нааш цааш 6 миль газрыг мориор туулна.

Тэрээр хичээлээ үзэх зав их муутай бөгөөд зөвхөн ферм дээрээ янз бүрийн ажил хийх хооронд л самбаачилж хичээл номоо үзэж харна. Коллеж дээр зохиогдож буй олонх арга хэмжээнд оролцож үл чадна. Цаг заваар ч хомс, өмсөх тохирох хувцас ч тааруу ердөө л цайны ганц костюмтай байв. Дейл хөл бөмбөгийн багт орж сургуулилахыг оролдсон боловч дасгалжуулагч нь түүнийг жижиг биетэй гэж голжээ. Тэр үеэс Дейл өөрийгөө голж чамлах болсон нь түүний төрөлх авьяасыг илрэхэд саад болж мэдэх байлаа. Үүнийг ойлгосон эх нь Дейлд маргаантай асуудлаар санал солилцох бүлгэмд орж суралцахыг зөвлөж, ингэснээр түүнд их дутагдаж байсан өөртөө итгэх итгэл, бусдын хүндэтгэлийг олж авах боломж бүрэлдэнэ гэж найдаж байв.

Дейл эхийнхээ зөвлөгөөг дагаж хэд хэдэн удаа оролдсоны эцэст тэрхүү бүлгэмд элсэж чаджээ. Энэ үйл явдал түүний амьдралд эрс өөрчлөлт гаргасан юм. Бүлгэмд элссэнээр тэнд үг хэлэх болсноор өөрийнхөө хүчинд итгэх сэтгэл төржээ.

Жил ч өнгөрч амжаагүй байхад уран илтгэлийн уралдаан тэмцээнүүдэд ялах болж, сурлага нь ч ахив. Ахлах дамжааны оюутан болохдоо Дейл уран илтгэлийн бүх дээд шагналыг хүртэв. Бусад оюутнууд түүнээс суралцаж уралдаан тэмцээнд ялах болов.

Өөрийгөө голсон, чамласан байдлаас ангижрахад чиглэсэн эдгээр хүчин чармайлтын дунд санаа бодлоо хүмүүст хүргэх чадвар нь хүний өөртөө итгэх итгэлийг бэхжүүлдэг гэдгийг ойлгосны зэрэгцээ өөртөө итгэснээр хүссэн зүйлдээ хүрч болно гэдгийг ухаарчээ. Энэ л үзэл санаа Дейл Карнегийн боловсруулсан, Лоуэлл Томас «Насанд хүрэгчдийг сургах гайхамшигт системйн нэг» хэмээн нэрлэсэн лекцүүдийн үндэс болсон билээ. 

Коллежоо дүүргэсний хойно Карнегид худалдааны салбарт ажиллах сонирхолтой санал тавьжээ. Тэрээр саналыг хүлээн авч, нэлээн ч үр дүнд хүрэв. Гэвч бүхнийг амжуулагч ажилтан гэж хүмүүс түүнийг үнэлдэг болсныг үл ойшоон худалдааны үйл ажиллагаагаа нэг их удалгүй орхижээ. Илтгэх урлагийг эзэмших нь хүнд өөрийнхөө нуугдмал авьяас чадварыг дээд зэргээр илрүүлэхэд шаардлагатай тэрхүү өөртөө итгэх итгэлийг өгч чадна гэсэн санаагаа практик дээр шалгахын чухлыг ойлгосон учраас хийж байсан ажлаа орхисон билээ. Энэ зорилгоор Карнеги Нью-Иоркийг зорив.

Уорренсбергээс явснаас хоёр долоо хоногийн дараа тэрээр Дээд Манхэттэний 125 дугаар гудамжнаа орших «Залуучуудын христосын нийгэмлэгийн удирдагчидтай уулзжээ. Залуучуудын христосын нийгэмлэгийг дамжаа явуулахад нь тохирох байгууллага гэж Карнеги үзэж байв. Энэ байгууллагын удирдагчид эрс ондоо зүйл бодцгоож байлаа. Тэд туршиж үзээгүй, юу болох нь мэдэгдэхгүй байгаа хичээлд багшийн ердийн цалин болох (нэг лекц уншихад өгдөг хоёр доллар)-ыг ч ер төлж чадахгүй хзмээн мэдэгджээ. Гэлээ ч Карнеги итгэл зүтгэлдээ автаж төлбөрийг төлөхөөр дамжаа зохион байгуулахыг санал болгосныг Залуучуудын христосын нийгэмлэгийн захиргаа зөвшөөрчээ.

1912 оны аравдугаар сарын 22-нд анхны бүлэгт лекцээ уншиж эхэлжээ. Хэдэн сарын дараа лекц нь маш их алдаршиж, Залуучуудын христосын нийгэмлэг ердийн хоёр долларын оронд гучин доллар төлөх болжээ. Карнегийн Нью-Иоркд олж байгаа амжилтын тухай олж сонсоод бусад хотын Залуучуудын христосын нийгэмлэгүүдийн удирдлага насанд хүрэгчдийн сургалтын хөтөлбөртөө түүнийг оруулахыг хүсэцгээжээ. Удалгүй бусад мэргэжлийн клубууд Карнегид хандаж, тэрээр хэдэн жилиин өмнө хэн ч тоож үздэггүй байсан зарчмуудад хүмүүсийг сургах ажилд нойр хоолгүй зүтгэжээ.

Энэ үеэс эхлэн Карнеги хүмүүсийн хоорондын харилцааны асуудлуудыг хөнддөг болжээ. Тэрээр хүмүүс зөвхөн санаа бодлоо ойлгомжтой илэрхийлэх төдийгүй бие биетэйгээ мөр зэрэгцэн эв найртай амьдарч, ажиллаж сурахыг эрмэлздэгийг мэдэж байлаа. Карнеги энэ салбарт хичээнгүйлэн суралцаж өөрийнхөө зарчмуудыг цуврал болгон гаргаж, сурагчид нь шунан уншиж, амьдралд хэрэглэж байв, 1933 онд «Саймон энд Шустер» хэвлэлийн газрын ерөнхий захирагч Леон Шимкин энэхүү курсийг Нью-Йорк муж улсын Ларчмонтод сонсжээ. Түүний сэтгэлийг курсийн илтгэх урлагтай холбоотой талаас илүү хүмүүсийн хоорондын харилцааны зарчмууд хөндсөн байна. Энэ сэдвээр бичсэн ном маш их үнэд хүрнэ гэж үзсэн учраас Каринегид сонсогчдодоо ярьсан бүх зүйлээ цэгцлэн ном болгохыг зөвлөжээ.

1936 оны арван нэгдүгээр сарын 12-нд, ’’Хэрхэн найз нөхөдтэй болж, хүмүүст нөлөөлөх вэ? гэдэг ном нь хэвлэгдэн гарчээ. Тэр ном шууд л нэрд гарсан билээ. Дейл Карнегийн нэрийг айл өрх бүр мэддэг болжээ. Жил хүрэхгүй хугацаанд сая гаруй ширхэг ном худалдаалагджээ. Гадаад орнуудад арван дөрвөн хэл дээр хэвлэгдэн арван жилийн туршид «Нью-Йорк таймс» сонины гүйлгээтэй номын тоонд орж байсан нь ямар ч номын хувьд хамгийн дээд хугацаа юм.

Дараах бүтээлүүдийг толилуулж байна

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Доорхи тэмдэгтүүдийг оруулна уу:

Таны сэтгэгдэл:
Анхаар: Зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!