Та дуртай зохиолчоо сонгоно уу!

Гурван улсын үлгэр

Гурван улсын үлгэр

“Гурван улсын үлгэр”-т дүрслэн бичсэн сүр далайцтай дайны талбар, амьд дүрслэг хүний дүр төрх, эр чадал болон арга ухаанаар тэмцэлдсэн байдал жич хачин сонирхолтой үйл явдлууд нь хэдэн зуун жилийн турш Хятадын ард иргэдийн таашаалыг хүртсээр ирсэн бөгөөд их олон эрдэмтэн мэргэд ч “Гурван улсын үлгэр”-тэй холбогдуулан тусгай сэдвээр судлалгаа шинжилгээ хийсэн байна.

“Гурван улсын үлгэр”-ийг зохиогч Ло Гуаньжун бол 14-р зууны үед амьдарч байсан хүн юм. Түүний гэрийнх нь мэдлэг боловсрол сайтай байсан болохоор Ло Гуаньжун багаасаа эрдэм мэдлэг сурахад бахтай байж, түүх сурвалжийн ном судрыг олноор уншин сонирхож байсан явдал нь түүний ирээдүйд уран зохиолын бүтээл туурвихад нь маш сайн үндэс суурь болсон байна. Ло Гуаньжун-гийн амьдарч байсан үе бол үндэстний зөрцөл болон ангийн зөрцөл маш их гаарч байсан эгзэгтэй цаг үе байсан юм. Тухайн үед Монгол язгууртадын байгуулсан Юань улс нь Хань үндэстэнд хатуу засаглал явуулж байсан тул, Хань үндэстний ард иргэд түүнийг эсэргүүцэн, олон газарт байнга бослого гарч байжээ. Тэдгээр босогчид нь Юань улсын цэрэгтэй дайдаж байсан төдийгүй бас харилцан бие биеэ хавсарган нэгтгэж, Юань улсын төрийг татан буулгасныхаа дараа Хятад улсыг дахин ноёрхохоор санаархаж байв. Ло Гуаньжун ч залуугийн үедээ бослогын цэрэгт оролцож зөвлөхөөр ажиллаж байсан юм. Тухайн үед Ло Гуаньжун улс төрийн ауга их хүслэн өвөрлөн, цаг төрийн үймээн ихтэй үед хаан эзэн болж улс гүрнийг засахыг хүсч байлаа. Хожим нь Жу Юаньжан-гийн удирдсан бослогын цэрэг нь эцсийн ялалт байгуулж, Мин улсыг байгуулснаар Ло Гуаньжун-гийн улс төрийн хүсэл зориг хоостож талаар зүйл болсон байна. Түүнээс хойш, Ло Гуаньжун нуугдан амьдарч уран зохиол туурвьж эхэлсэн байлаа.

“Гурван улсын үлгэр”-т манай тооллын 184 оноос 280 оныг хүртлэх зуу шахам жилийн хооронд болсон түүхийн ээдрээн будлиантай их олон үлгэрийг өгүүлсэн байдаг. Ло Гуаньжун гурван улсын түүхтэй холбогдол бүхий түүхэн судар, сул тэмдэглэл, мартагдах дөхсөн сонирхолтой үйл хэрэг, сул түүхийн сэдэвт үргэлжилсэн үгийн зохиол болон ардын аман уламжлалын үлгэр домгуудыг үлэмж олноор цуглуулан, өөрийн улс төрийн эрэл хүсэл болон тариачны бослогын цэрэгт оролцон дайдаж явсан өнгөрөлтэйгээ уялдуулан нэгтгэж, Вэй, Шу, У гурван улс хоорондын улс төр болон цэрэг дайны тэмцлийн түүхийг дахин харуулсан байна.

“Гурван улсын үлгэр” нь урлагийн талаар олон амжилтад хүрсэн юм. Зохиогч Ло Гуаньжун сэтгэл цочирдуулам дайн байлдаан болон улс төрийн тэмцлийг өгүүлэхдээ урлагийн олон зүйлийн аргыг бүтээлчээр ашиглан, ил тод хэв шинж онцлог бүхий хүмүүсийн дүрүүдийг амжилттай бүтээсэн байна. Уг зохиолд нийт 400 гаруй хүн илэрдэг бөгөөд тэдгээрийн дотроос зохиогчийн онцлон хүч тавьж дүрслэн бичсэн ил тод хэв шинж бүхий хүн нь хэдэн арав байдаг юм. Зусар залхай, сэжиг таавар ихтэй, улс төрийн завшигч Вэй улсын ван Цао Цао, арга ухаан ихтэй Шу улсын цэргийн багш Жу Гэлян, баатарлаг бүдүүлэг атлаа цаанаа ухаантай Шу улсын их жанжин Жан Фэй, арга ухаантай атлаа явчуу бодолтой У улсын өрлөг жанжин Жоу Юй нарын зэрэг хүмүүс бол бүр хүн бүхэнд магтагдсан нийтлэг хүмүүс юм.

Ло Гуаньжун-гийн зохион бүтээсэн “Гурван улсын үлгэр” нь уран зохиолын чухал үнэ өртөгтэйгээр барахгүй бас тухайн үеийн феодлын нийгмийг тал бүрээс нь дүрслэн бичсэн болохоор феодлын нийгмийн нэвтэрхий толь болсон бүтээл гэж үзэж болох юм. Хятад улсад нэн олон мэргэжилтэн эрдэмтэн нар “Гурван улсын үлгэр” хэмээх энэхүү аврага бүтээлийг судлаж, түүхийн ухаан, эрдэм чадварын ухаан, сэтгэц зүй, харилцааны ухаан, арга тактикийн ухаан, удирдлагын ухаан, цэрэг дайны ухаан, урлагийн ухаан, ёс зүй зэрэг олон талаас түүний соёлын үнэ цэнэ болон бодит ач холбогдлыг шинжилж байна.

“Гурван улсын үлгэр” хэмээх Хятадын эртний энэхүү содон зохиол нь дэлхийн олон орны ард иргэдийн сонирхлыг ч маш их татсан байгаа юм. Уг зохиол нь өнөө олон зүйлийн харь хэлнээ орчуулагдаж, олон оронд тархан дэлгэрсэн бөгөөд “Жинхэнэ ардач чанараар баялаг гарамгай бүтээл” хэмээн нэрлэгдсэн байна.

Эх сурвалж: http://www.solongo.net.cn

Нийтлэлч: Админ

Дараах бүтээлүүдийг толилуулж байна

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Доорхи тэмдэгтүүдийг оруулна уу:

Таны сэтгэгдэл:
Анхаар: Зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!