Та дуртай зохиолчоо сонгоно уу!

Дуун хөрвүүлэгчийн тавилан

Дуун хөрвүүлэгчийн тавилан

Дуун хөрвүүлэгч Г. Амарын 80 насны ойд

БДС-т оюутан байсан цаг. Гуравдугаар дамжаанд байсан юм уу даа. Даваасамбуу, Сүхтогоо бид гурав орчуулга хийхийн бөөн хорхой. Тэгтэл хэвлэлийн нэгдсэн редакц гэдгээс орчуулга заахаар хоёр багш ирэв. Нэгийг нь Самдан гэнэ. Манай бүлэгт хичээл заав. Самдан багш маань “Та нар манай редакц дээр очиж бай” гэж хэлэв. Бид гурав ч тууж хүрэлгүй яах вэ! Чингэхэд уран зохиолын редакцид залуухан өндөр шар хүн хүний орчуулсан номыг ариутган сууж байх. Амар редактор гэдэг тэр аж. Самдан багш маань улстөрийн зохиолын орчуулгын редакцынх. Би уран зохиолынх руу нь татагдах. Эрийн санаа мухаргүй гэж тэр юм биз дээ. Тэгээд Амар гуайн дэргэд зогсож, ном хэрхэн шүүтгэж байгааг нь харж хэдэн цагаар хамаагүй зогсох. Амар гуай суудлаас бараг босно гэж үгүй. Өрөөнд нь “буу халж” байгаа хүмүүсийн хөөрөлдөж байгаад хааяа нэг үг хавчуулна. Засаж байгаа орчуулгаа л шагайгаад суугаад байна. 

Ингэж Амар багштайгаа танилцсан юмсан. Чингээд тийш байнгын гүйдэлтэй болсон доо. Далд санаа нь нэг ном аваад орчуулчих. Жинхэнэ бүдүүн зүрх гэдэг л тэр байсан байх. Юу гэж л нусгай, жулдрай оюутанд ном сэглүүлж байх вэ дээ, тэр ойлгомжтой. Тэгсээр би сургуулиа төгсөж, сургуульдаа багш ухаантай юм болов. Нэгдсэн редакцруу гүйдэг хэвээрээ. Тэр гуравдугаар дамжаанаас л би мэр сэр юм орчуулж, “Залуучуудын үнэн”, “Пионерийн үнэн”, “Хөдөлмөр” зэргийг бууддаг болсон  л доо. Амар гуай тэр бүхнийг ажиглаж байсан бололтой байдаг. “Над нэг орчуулах ном өгөөч” гэж ам нээхгүй. Зүрх алдана. Тэгтэл нэг өдөр Амар гуай маань өөрөө хэлж байна: “Чи Францын зохиолч Анатоль Франсын “Боги жаждут” номыг орчуулж үзэхгүй юү...

Гэхдээ эхлээд чамаас “проба” авна” гэж байна. Би золтой л үсрээд тайз толгойгоороо эгээ л цохичихсонгүй. Тэр Анатоль Франс гэдэг нь ямар хүн юм, бүү мэд ээ. Тэр “проба” нь ч юу юм хэн мэдлээ. Ганцхан орчуулах ном гэдэг л чихэнд хангинаж, би ном орчуулах нь гэдэг л толгойд шуугина. Тэгээд маргааш нь Амар гуай маань өөрийнхээ гэрийн номын сангаас Анатоль Франсын “Боги жаждут” гэсэн номоо авчирч над өгөөд, “За чи гэртээ аваачиж, арван хуудас хийгээд маргааш над дээр аваад ир” гэдэг байгаа. Би номыг нь гараас нь арай л булааж аваагүй байх аа. Номыг аваад гэррүүгээ хөл газар хүрэхгүй юм харайлгав. Уг нь тэр “проба” (туршилт) гэдэг юмыг “нусан журууд”-аар хийлгэхдээ ариутган шүүгч нар дэргэдээ суулгаж байгаад хийлгэдэг байсан л даа. Одоо бол дуртай нь сайн сайн зохиогчийн номыг барьж аваад л дураар сэглэдэг болж дээ. Амар багш тэгэж гэрт ном өгч явуулдаг нь “Энэ нөхөр ямартай ч хүнээр хийлгээд ирэхгүй. Өөрөө муу сайн ч нухна” гэж над итгэсэн хэрэг.  Энэ итгэлийг даалгүй яах вэ? Шөнөжин шахуу нухаж байж эхний арван нүүрийг орчуулаад, маргааш нь тавьж хүрэвэй. Амар гуай нөгөөхийг маань аваад, шууд үзэж гарлаа. Амар гуайн царай гэрэлтэй болвол дотор сайхан болоод л, хөмсөг зангидвал дотор палхийгээд л…Иймэрхүү гуч дөчөөд минутыг авсан байх. Их л удах шиг болсон.  Улаан бэхт үзгээр тийм ч их юм зассангүй. Энд тэнд нь ганц хоёрхон “олив”. Тэгээд Амар гуай хэлж байна. “Болж байна аа, одоо Содномдаржаа дээр хоёул орно оо” гэж байна.

Содномдаржаа гэдэг нь Хэвлэлийн нэгдсэн редакцийн Ерөнхий редактор. Том дарга. Би ганцаараа бол тийш зүглэх ч үгүй. Амар гуай орно гэж байгаа болохоор дагаад л орж явчихлаа. Амар гуай намайг түүнд танилцуулж байна аа. Энэ Аким сонин хэвлэлээр олон юм орчуулдаг л гэнэ. Сургуулиа төгсөөд тэндээ багшаар үлдсэн л гэнэ. Уран зохиолын орчуулгад элэгтэй ийм залуучуудыг дэмжих хэрэгтэй л гэнэ. Хамгийн сүүлд нь “Акимаас “проба” авлаа. Маш сайн хийж байна” гэдэг байгаа. Чингэхэд нь яс хавтайхын хажуугаар “би чинь тэгвэл лут орчуулагч болж байгаа юм байна шүү дээ” гэсэн омгорхол ялихгүй “толгойгоо цухуйлган” алдаж байх юм. Хирээ мэдэхгүй амьтан гэдэг л тийм байдаг байхгүй юү. Амар гуай маань “Үүгээр дандаа эргэлдэж байдаг нөхөрт нэг ном өгъе, түүнийг даргаараа зөвшөөрүүлъе” гэж бодохдоо тэгэж зад магтсан хэрэг л дээ. Гэтэл би…Амар гуай хэлж байгаа юм чинь “ногоон гэрэл” дороо л асаа биз дээ! Чингээд би тэр номыг “Ундаассан бурхад” нэртэйгээр орчуулж, Амар гуай маань өөрөө ариутган шүүгээд хэвлүүлж билээ. Гэтэл Анатоль Франс гэж хэн байсан гээч! Нобелийн шагналтан! Миний хувьд тун чиг бүдүүн зүрх байсан… 

Ийнхүү Амар гуай уранзохиолын дуун хөрвүүлгийн далавчит хүлгийн хас дөрөөн дээр нь молхи миний хөлийг гишгүүлж өгөөд тэр хүлэгт намайг сугадан мордуулсан ачит хүмүүн бүлгээ.
Түүнээс хойш дөчин зургаан жил өнгөрчээ. Цаг хугацаа гэж! Өдгөө Амар багш маань 80-ын сүүдрийг зоогложээ. Молхи би Амар багшийнхаа “Миний тавилан” дурсамжийн номыг нь гартаа эргэлдүүлж сууна. Төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гараг гэж монголчууд цэцлэнэ. Үгүй нээрээ! Хүмүүн гэгч амьтан төрсөн өдрийнхөө төөргөөр буюу оногдсон тавилангаараа энэ насаа туулдаг юм биш үү? Амар багшийн тавилан бол дуун хөрвүүлэх байжээ! гэж энэ номыг уншиж суухдаа бодож байнам.

Учир нь тэрвээр 60 эргэм ном (элдэв эмхтгэл цомирлогт орсон өгүүллэгүүдийн орчуулгыг оруулалгүйгээр хэлэхэд тэр. Энэ нь бас бардаагаар нэг боть болно) дуун хөрвүүлж, 130 шахам ном ариутган шүүсэн байна. Агуу! Гэвч манайхан хүний юу бүтээснийг нь гэхээсээ яаж явсныг нь л сонирхох болсон юм уу даа. “Хувь тавиланг хүн өөрөө дархалдаг” гэж Амар багш дуун алджээ. Амар багшийн “дархалсан тавилан”-г товчхоон сонирхуулъя л даа, яадаг юм!

“Би хэдий бяцхан боловч бичиг үсэг мэднэ” хэмээх тэргүүн хэсэг

1934 оны өвөл Дорнод аймгийн Баяндун сумын Их Өвөлжөөн уулын өвөрт Жамсраны Гүрбазарын гэрт шар хэвтлэг дээр хаясан шар эсгий дээр нэг шар хүү төрсөн нь Амар багш гэнэ. Би шар хэвтлэг, шар эсгий гээд хэлчихлээ. Буруудсан уу, бүү мэд. Манай Халхын эмэгтэйчүүл чингэж төрдөг байв шүү дээ. Оросын улаан хувьсгалаас дайжин амар амгаланг хүсч Ар Монголоо гэж  орж ирсэн буриадууд маань манийгаа бодвол илүү соёлтой байсан. Юун дээр төрдөг байсныг нь би мэдэхгүй. Гэвч цагаан толгойт ор, цагаан даавуун дээр төрсөн нь юу л бол! Бас Амар гуай маань ч “шар” төрсөн юм уу, “хөх” төрсөн юм уу, би мэдэхгүй. “Хөх” байж байгаад “шар” болсон ч юм билүү! Самдан багш л намайг анх танилцуулахдаа “Шар Амар” гэдэг хүн гэснээр нь “шар, шар” гээд байгаа хэрэг. Аманд хэвшчихэж. Багшийнхээ дэргэд бол чингэж хэлэхгүй л дээ, алдас болно. . Нүүрнээс нь хол, нүднээс нь далд л ингэж даварч байгаа хэрэг. Гэхдээ багш маань өөрөө “Хэвлэлийн газрын өндөр хар, өндөр шар хоёр хэцүү” гэгддэг байлаа гээд өөрөө цагаан цаасан дээр хараар биччихсэн байгаа юм шүү. Өндөр хар гэдэг нь орчуулагч Бямбаноров гуай юм билээ.  Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд чингэж Монголын нэгэн соён гэгээрүүлэгч төрсөн.

Гэхдээ тэр үед хэн ч түүнийг нь мэдээгүй л дээ. 1935 онд Цагаан овоо сум байгуулагдснаас хойш эднийх энэ сумын айл болж, Амар гэдэг шар жаал Энхийн хөндий, Энхийн бэлчир, Чулуун худаг, Дөрөө довд хурга ишиг хариулж, хөл нүцгэн таваргаж явснаа 1942 онд есөн настайдаа Цэнд эгчээрээ хөтлүүлэн сургуулийн алтан босго алхсан гэнэ. Цэнд эгчийг нь би таних юм. Эднийхээр ороход намхан хөгшин хаалга тайлж өгөх. Амар гуай маань насан турхаруу болсон эгчийгээ дэргэдээ татаж авчраад харж асарч байсан юм билээ. Энэ хөгшин ч хоёр охиныг нь өсгөхөд өөрийн нэмрийг их оруулсан байх аа. Хоёр биендээ л өлзийгөө өгөлцсөн байх. Энэ тухай үл өгүүлсү. “Би нэгдүгээр ангиа ямар дүнтэй төгссөнөө мэддэггүй юм. Бодвол дунд л болов уу. Харин хоёрдугаар ангид маш хурдан уншдаг болсноо л санаж байна. …

Гуравдугаар ангид онц сурдаг болсон. Тэгэхдээ дөрөвдүгээр ангийг сайн дүнтэй төгссөн санагдана” гэжээ. Хурдан унших! Ном л уншиж байж хурдан уншдаг болсон байж таараа! Гэвч тэр үед унших ном ер нь цөөхөн байсан даа. Амар багшаас хойш есөн жилийн дараа сургуульд орсон миний үед л цөөн байсан юм чинь тэр үед ховор байсан нь мэдээж. Амар гуай гурван номын л нэр дурдсан байгаа юм. Гуравхан ном уншаад нэг их хурдан уншдаг болох нь юу л бол гэж бодогдмоор авч олон уншвал бас хурдан уншдаг болдгийг би өөрөөрөө мэдэх юм даа. Чингэхдээ гол нь өөрийнх нь авъяас л байсан болов уу. Номонд дуртай болох, улмаар дуун хөрвүүлэгч болохынхоо эхийг л тэгэхэд тавьж байсан хэрэг. Гэвч өөрөө тэр үед үүнийг хэрхэн мэдэх билээ. Амар багш 1946 онд Баян уулын 7 жилийн дунд сургуульд шилжин суралцаж. Тэр үеийн сумын сургуулийн дотуур байранд суудаг хүүхдүүдийн байдлыг Амар багш нүдэнд үзэгдтэл дүрслэхдээ: “Сурагчдын хоол унд тааруухан байв. Хүүхдүүд их өлсөнө. Бид гал тогооноос гарсан том том яс, чөмөг, булууг түлээний хашаанд аваачиж, нэг нэг мод зайдалж суугаад төмрөөр хага хуга цохиж, шүднээс цус гартал химэлдэгсэн” гэж нэг бичжээ. Гэхдээ яс тэгэж хэмлэж байсан нь Амар багшийн шүдийг үнэхээр бөхжүүлж өгсөн байсан шүү. Социализмын л үед юм даг. Ямар ч номын билээ дээ номынхоо “шагнал”-ыг аваад уран зохиолын редакцынхныг гэртээ нэг оруулж билээ. Тэр үед ном бичлэгийн шагнал аваад бие биеэ дайлдаг тийм нэг сайхан ёс дэлгэрсэн байсан юм. Энэ нь хахуул биш л дээ. Өмнө дайлбал хахуул болчихно. Хойно нь цайлж байгаа учир баярласнаа илэрхийлж байгаа хэрэг. Тэгэж уулзах нь уран бүтээлийн яриа болон өрнөдөгсөн. За тэр яах вэ, би ч том орчуулагчдыг гэртээ урьсан тул гараа гаргаж, жаахан бүхэл мах чанаад, бууз жигнээд л хэрээрээ л хөл алдахгүй юү. Чингэхэд Амар гуай маань өвчүүний бүдэрхийг сайхан мөлжсөн атлаа ясыг бүгдийг нь тасар тасар хазаад идчихсэн. “Аргагүй байжээ. Үхрийн булууны яс шүднээсээ цус гартал химлэж байсан хүн чинь” гэж одоо бодогдон инээд хүрч байх юм. Харин өнөөгийн хүмүүс яс идээд байхдаа яах вэ гэж гайхаж магадгүй л дээ. Бүүр санаанд нь багтахгүй ч байж магад. Тэгвэл өвчүүг мөлжөөд, ясыг нь тэгэж идэж шүдээ бөхжүүлдэг, ер өвчүүний яс сэрийлгэж тавганд орхидоггүй тийм нэгэн заншил монголчуудад байсан юм аа. Амар багш энэ ёсыг л барьсан хэрэг. Харин Амар багшид нэг айхтар “дутагдал” буй. Орчуулагч хүн гэхэд шүү! Тэр нь юу вэ гэвэл архи уудаггүй нь юм. Миний бодлоор бол энэ лут “дутагдал”! Тэгэж уулзахад гурваас илүү хундага бариагүй дээ. Тэгээд “сайхан боллоо” л гэсэн. Гуравхан хундага уучихаад сайхан болоод байх даа ч яах вэ дээ. Яагаад архи уухыг тэвчих болсон бэ гэвэл өөрийнх нь бичснээр оюутан байхдаа пиво ууж, шал согтоод, байрнаасаа калошаа алдчихсан юм билээ. Калош гэдэг нь шавар шавхайтай үед гутлын гадуур угладаг бохогтон шаахай юм. Хөөрхий багшийг нам болсон байхад нь орон дороос нь нэг нөхөр бохогтон шаахайг нь “наачихгүй” юү. Тэгээд л энэ хар ус гэдэг ер нь дэмий эд байна гэж бодсон хэрэг л дээ. Би бол хашрахгүй дээ…Үүнийг үл өгүүлсү.

Цааш нь Амар багш бичихдээ: “…Хол ойрын сумдаас ирсэн хүүхдүүдийн гутал урагдаж ханзарч арга тасрахад үхрийн ширээр оёсон хамниган бойтог тавьж өгнө. Тэр нь голдуу томдоод дорхиноо яйжийж, ул нь хажуу талдаа гарах шахна” хэмээжээ. Тийм ээ, Амар багш бас л ул нь эргэсэн гутлынхаа түрийгээр нь гишгээд л тууж явагсдын нэгэн. Иймэрхүү байдалтайгаар бүрэн бус дунд сургуулийг Баян уулд дүүргээд Дорнод аймгийн төвийн дунд сургуульд орохоор мөнөөхөн Цэнд эгчтэйгээ хамт морин тэргээр дэр дэр хийлгүүлсээр аймгийн төв орсон байна. Гэвч Амар багшийн дунд сургуульд сурсан нь баахан бүтэлгүй байж. Түүний бичснээр “Би наймдугаар анги төгсөөд, есдүгээр ангид орсон хойноо тооны талын хичээлүүдийг давахаан больсон юм. Үүнд алгебр, геометр, тригонометр, стерометр, физик, хими зэрэг хичээлийн бодлого дээр унгаад л байсан…” байна. Би ч тоонд үйлийн үргүй муу байсан. Амар багшийн охин надруу нэг утасдаад, “Аав та хоёр их адилхан, тоонд муу байсан байх юм. Гэхдээ түүнийгээ амьтан хүнд зарлаад л” гэхэд нь би инээгээд өнгөрсөнсөн. Яалтай билээ. Ямар тоонд гарамгай байсан гээд л бичилтэй биш дээ. Амар багш чингэж унасаар хоёр ч улирч орхиж. Гэвч тэр үед оролдож байсан юм нь орос хэл байжээ. Чингээд мань эр Үйлдвэрийн техникумд орно, уурхайчин болж их мөнгөтэй амьдрахаар шийдэж л дээ. Энэ нь ч бас шавьтайгаа адилхан аж. Би долдугаар анги төгсөөд, тракторын курст орж, тракторчин болно гэж саналаа өгч байсан л даа. Даан ч багш нар маань шууд наймд хуваарилчихсан. Ийнхүү багш шавь хоёрын намтар солбицчих гээд л байдаг юм. Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд, загасчин загасчнаа холоос таньдаг гэж нэг орос цэцэн үг байдаг. Бас ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо гэсэн монгол цэцэн үг ч бий. Амар багш маань намайг тоонд муу, надтай л адилхан нөхөр байна гэж зөнгөөрөө мэдээд, намайг орчуулагч болохыг минь дэмжсэн юм болов уу даа!

Багш бичихдээ: “Ийнхүү гурван жилийг өнгөрөөхдөө огт үр ашиггүй байсан гэж хэлмээргүй, орчуулагч болох сууриа муу бус тавьсан гэж ч болмоор байна” гэжээ. “Би хэдий бяцхан боловч бичиг үсэг мэднэ.” Амар багштан бяцхан боловч “монгол бичиг үсэг мэдэх”-ээр барахгүй орос хэл бичигт ихээ гайгуй болоод Монгол улсын Их сургуулийн бэлтгэл ангид орж, “оюун билиг хоёроороо ухаан эрдмийг сурах”-аар Улаанбаатарыг зорьсон ажээ.

“Оюун билиг хоёроороо ухаан эрдмийг сурсан” хэмээх дэд хэсэг

Миний бие олон улсын коммунист, ажилчны намуудын хэвлэлийн “Энх тайван, социализмын асуудал” сэтгүүлийн монгол редакцид орчуулагч болоод овойж байсан цаг. Ороод сар хиртэй л болж байсан байх аа. Монгол улсын их сургууль дээр хурал ч билүү, зөвлөлгөөн ч билүү нэг юм болоод сэтгүүлд хамт байсан Ц. Цэрэн бид хоёр түүнд суусан юм. Тэнд орчуулагч Ч. Лхагватай цав хийтэл таарав. Лхагва маань “Үнс, цус хоёр” найраглалыг орчуулаад, “гахай номон дотроос гаргасан” хэргээр Ц. Хасбаатар багшид зад шүүмжлүүлээд сэтгэл нь гундуухан явж таарсан хэрэг. Бид гурав хурал тараад их сургуулийн гуанзанд орж, пийвдав. Гашууны амтанд орж эхлэж байсан би тэр үеийн хэмжүүрээр бол давгүй татчихсан хэрэг. Дэн дун болсон бид гурав орчуулга, онол энэ тэр ярьж байснаа гэнэт Хэвлэлийн нэгдсэн редакцаар орох юм болов. Тэгээд ороод л гарсан шиг над санагддаг юм. Маргааш өглөө нь ажил дээрээ эртхэн ирээд ноормоо нуруувчлах санаатай сууж байлаа. Гэтэл утас гэнэт дуугарав. Тэр үед ямар гар утас гэж юм байх биш. Очиж авбал Амар гуай ярьж байна. “За хөө та гурав чинь юу болоод шал согтуу манай үүгээр орж ирдэг билээ. Цаад Шүгэр чинь /Ц. Шүгэр тэгэхэд уран зохиолын орчуулгын редакцийн ахлах нь байсан/ “гурван согтуу юм ирж, ажил хийлгэхгүй үймүүлээд гээд л цамнаж байна. Цэрэн чинь яасан ч юм бэ дээ, хэл ам хийсэн юм уу, нэг л бүтэлгүй юм хийсэн бололтой. Ажлынх нь газар мэдэгдэнэ гээд л байна билээ. Жодовруу утасдсан байх шүү” гэж байна. Би ч пал хийгээд л явчихлаа. Жодов гэдэг нь манай эрхлэгч л дээ. Бид түүнийг Жо гэх. Тэр хатуу үед ажлын газрын даргаруу утасдана гэдэг бараг ажлаас халагдахын нэр л дээ. Үнэхээр л Жо дотуур утсаар бид хоёрыг дуудаж байна аа. Бид хоёр ч  хулгасаар л орлоо. Тэгсэн нь Жо маань “Та хоёр уух мөрөөрөө уухгүй, албан газар хэсч явдаг нь юу юм. Үүнээс хойш тэгэж битгийн хэсч бай” гэсгээд гаргачихав. Тэгэхэд Амар гуайд ч, Жодов гуайд ч их баярласансан. Амар гуай маань муу шавийгаа элдэв юманд орооцолдож, ажил төрөлгүй болчихвий гэж болгоомжлүүлан, дороо суурьтай дотроо бодолтой бай гэж л утасдсан хэрэг. Чингэхэд би Амар багшийн эрийн хуйх гэдгийг мэдсэн билээ. Уучлах ажааму. Миний бие өгүүлэх гэсэн сэдвээсээ нэг мэдэхэд хадуураад алга болсон байна. За тэгээд, Амар багш  Дорнодоос орос жолоочтой машинаар гарч, зуур хонон (бодвол Хэрлэнгийн буудалд хонож нохой бөөсөнд баахан хазуулсан байх), Улаанбаатарт шөнө орж ирж, Их сургуулийн оюутны эзгүй байрны шалан дээр хоносон гэдэг. Онгоцоор морилдог одоогийн оюутнуудын хувьд бол хачин санагдаж магадгүй л дээ. Чингээд Амар багш Их сургуулийн бэлтгэл ангид тэнцэж, Жүрмэд багшийнх нь шүлэглэснээр “Засмал замын хойхонтой, засгийн газрын зүүхэнтэй, ховдог хятадын баруухантай, хоёр давхар байшинтай…” сургуульд орсон байна. Амар багш бэлтгэл ангийг дүүргэн улмаар түүхийн ангид элсүүт ялихгүй өвдөснөөс биш нэг адал явдалгүйгээр боловч “Ер миний үеийн, надаас ахлах ангийн оюутнууд тэсвэр хатуужилтай байсныг хэн ч батлах байх. Гол анхаарал хичээл номд, ший жүжиг, кино, бүжиг танец хэсэх нь ховор байв…Бага залуу насанд өлсөх л тун хэцүү дээ. Дотуур байранп одоогийнх шиг хоол унд хийх бололцоо байх биш байсан учраас орой үдшийн цагаар гол харлаад, бараг л байж суух аргагүй болоход хөнжилдөө орохоос эрхэм юм байдаггүйсэн. Тийм байдлаас аврах юм гагцхүү нойр байвч хэвтсэн даруйд унтахгүй, гэдэс хоржигноод, эргэж хургаж хэвтдэгсэн…” гэж дурссанаар оюутны тарчиг амьдралыг тиймэрхүүгээр туулжээ. Харин тэр үеийн урдаа барьдаг эрдэмтдээр ном заалгаж байснаа бахархаж баймуй. Үүнд Ардын уран зохиолч, академич Ц.Дамдинсүрэн, археологч доктор Х. Пэрлээ, Сэр-оджав, доктор Л. Жамсран, Г. Сүхбаатар…гээд л. Шавийн эрдэм багшаас гэдэг үг бий л дээ. Гэвч өөрийнх нь “оюун эрдэмд шамдах” чин эрмэлзэл гол байсан нь “гол анхаарал хичээл номд” гэж бичснээс нь тод. Одоо харахад, хичнээн сайн багшаар хичээл заалгасан ч нэг их гавиагүй нөхөд аль овоо байхыг тэр гэх вэ. За тэр ч яах вэ, Амар багш маань тийн сурч ахуйдаа “М. Шолоховын “Тихий Дон”, “Поднятая целина”, М.Розенфельдын “В ущелье алмасов”, Гетегийн “Стардания юного Вертера”, Т. Драйзерийн “Амерканская трагедия” гэх мэтийн нэлээд зохиолыг оросоор уншиж, утгыг нь ерөнхийд нь ойлгож, мэдэхгүй ганц нэг чухал үгийг тольд харж байв” гэж бичсэн нь буй. Оюутан байхдаа эдгээр томчуулын бүтээлийг гадаад хэлээр уншина гэдэг орос хэлд аргагүй сайн болсных. Ер орчуулагч нар “Амар өөрөө орчуулахдаа ч утгын алдаа гаргадаггүй, өрөөлийн номыг ариутгахдаа ч түүний алдсныг анддаггүй” гэж! ам амандаа магтдгийг би мэднэ. Өөрөөр хэлбэл, манай орчуулагч нарын хошигногдогоор “бусдын бөөсийг сайн түүж чаддаг” гэсэн үг юм.  “Стардания юного Вертера” гэснээс хожим нь Амар багш тэрхүү оюутан байхдаа уншиж байсан номоо “Залуу Вертерийн шаналан” гэсэн нэрээр орчуулан гаргасан санагдана. Амар багштан тийн оюутан байхдаа “Пионерийн үнэн” сонинд Бирм ардын “Таван хархүү”, “Хөдөлмөр” сонинд мисир зохиолч М. Теймурын “Хувиа бодогч” өгүүллэгийг орчуулж хэвлүүлснээр орчуулгын гараагаа эхлэсэн ажээ. Ерөөс орчуулагч нарын хувь заяа давтагддаг юм уу, бүү мэд. Молхи би ч мөн л “Пионерийн үнэн”, “Залуучуудын үнэн”, “Хөдөлмөр” гурвыг л “буудаж” эхлэсэн. Амар багш тийнхүү их сургуулийн түүхийн ангийг сайн дүнтэй төгсөөд орчуулагчийн ажилруу тэмүүлжээ. Гэтэл  шавь би орос хэлний анги төгссөн мөртлөө хөгшин азарга жороо сурав гэгчээр түүхрүү тэлүүлэх болжээ. Багш шавь хоёрын “мэргэжил” ингэж солбин зөрж байна уу даа гэмээр.

Дуун хөрвүүлэхүйн гуурст морь хүлэглэсэн нь хэмээх гутгаар хэсэг

Намайг Улсын хэвлэлийн газраар гүйдэг болоход эднийх Энхбаярын хэмээгдэж байгаа Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэрийн өнөөгийн балгасны “наалдсан”  намхан дан байшинд байсан санагдана. Оронд нь Хас банк баригдсан юм уу даа. Амар багш бичихдээ: “Хэвлэлийн газрын дарга нь Өлзийн Бямбажав, ерөнхий редактор Цэвэгжавын Хасбаатар, уран зохиолын номын ахлах редактор Мижидоржийн Дарамванчиг…байсан” гэжээ. Бүгд таньдаг нэр. Таньдаг нэрээр барахгүй Хасбаатар нь над орчуулгын хичээл хэд орсон, ер Дантегийн “Тэнгэрлэг жүжиг”-ийг орчуулсан мундаг дуун хөрвүүлэгч, Дарамванчиг нь “Энх тайван”-д манай ахлах орчуулагч, хариуцлагатай нарийн бичгийн дарга, эрхлэгчээр олон жил ажиллаж, миний дарга байсан, Дефогийн “Робинзон Крузо”-г орчуулсан гүндүүгүй сайхан эр байсан даа.
Би оюутан байхдаа “Кашмир гүнж”-ийн нууц” гэсэн ногоон хавтастай нимгэн номыг ихэд сонирхон уншиж билээ. Залууд адал явдлын номны хойноос хөөцөлддөг хойно доо. Хятадын Жоу Энь-лайн суусан онгоцыг дэлбэллээ гэсэн нь түүнд нь тэр суугаагүй байсан тухай, сүйрсэн тэр онгоцыг эрж байгаа тухай гээд сүрхий адал явдал бүхий тэр номыг их л шимтэн уншсан даа. Тэгэхэд хэн орчуулсныг нь анзаарсангүй. Хожим мэдвэл Амар багш маань уран орчуулахуйн гуурст хүлгийн дөрөөнд хөл анхлан тавьсан нь тэр байжээ. Чингээд Карамзины “Хөөрхий Лиза”, Достоевскийн “Дорд үзэгсэд”, Дэнзэн Норгайн “Цаст уулын барс” зэргээрээ уул хүлгийн зоонд баттай тогтож авсан бүлгээ. Ер Амар багшийн хичнээн ном орчуулсныг дээр нэгэнт дурдсан. “Эдгээр нь алдаа мадаггүй, үлгэр жишээ болох орчуулга огт биш ээ. Алдсан эндсэн юм бишгүй нэг байгаа байх” гэж өөрийгөө даруухан үнэлсэн нь буй. Гэтэл миний ч, орчуулагч нөхдийн нь ч бодол өөр гэдгийг дээр өгүүлсэн. Үүнийг ганцхан өгүүлбэрээр батласу.  Амар багш Ч. Айтматовын “Эхийн тал” туужийг орчуулсан. Молхи би “Орчуулгын санг уудлахад” ном бичих санаатай сайн орчуулагчдынхаа орчуулгыг эхтэй нь тулгаж байсан юм. Чингээд “Эхийн тал”-ыг тулгаж суутал “Он (жавронок) взлетел высоко высоко повысал в небе, как точка, и бился, трепыхался, словно человечское сердце” гэсэн нэгэн өгүүлбэр дайралдлаа. Үүнд “трепыхаться, словно человечское сердце” гэдэг зүйрлэл над сонин байлаа. Тулгаваас “Тэр болжмор тэнгэрт тэртээ дээр тогтчихоод, хүний зүрх шиг тэрүүхэндээ чичвэгнэн хөдөлж…” гэж байвай. Би гуяа алгадав. “Хүний зүрх шиг…чичвэгнэх.” Үүнээс илүү онох гэж юуг хэлэх вэ! Тал нутгийн хүү би нээрээ л болжмор тэртээ дээр тогтчихоод хүний зүрх шиг чичвэгнэхийг бишгүй л нэг харсан даа. Амар гуайн ур чадвар тэрхүү “чичвэгнэх” гэдэг үгийг л олж хатгасанд байгаа юм. Орос-монгол аль ч тольд “трепыхаться” гэдэг үгэнд “чичвэгнэх” гэдэг үгийг оноосон нь үгүй. Тэр байтугай Цэвэл гуайн “Ногоон”-д “чичвэгнэх” гэсэн үг байхгүй. Ер ганц оносон үг бүхэл өгүүлбэрээ аваад явчихдаг гэж мунхагладаг билээ. Тийнхүү гагц “чичвэгнэх” гэдэг уран дүрслэл бүхий үг уг өгүүлбэрийг уран болгоод л аваад явчихсан байнам. “Дайчин ганцддаггүй” гэж нэг орос цэцэн үг буй. Түүнчлэн “Өгүүлбэр ганцдахгүй” гэж би өөрийгөө цагаатгаж, Амар багшийг зөвтөгсү. “Ерөөс орчуулга гэдэг бол уг номын ерөнхий утгыг гаргаж, үйл явдлын сайхан муухайг уншигч хүнд ойлгуулахтай их төлөв холбоотой байдаг ч байж магадгүй.” Амар багшийн уран зохиолын орчуулгыг үзэх үзэлт энэ. “Үйл явдлын сайхан муухайг уншигч хүнд ойлгуулах.” Энэ нь Агваандампилын “утгын найрыг дагаж орчуулах”, Шаравсэнгийн “аялгуу утгасыг үл эндэн орчуулах”, Гүүш цоржийн “…урнаа найруулж, …сайтар тохиолдуулах…”, өнөөгийн гадаадын орчуулагын онолчдын “инээдийг инээдээр” орчуулах зэрэг лүгээ авцалдаж байгааг үгүйсгэх аргагүй.

“Данжуур”-ын 149-ын төгсгөлийн үгэнд “дөтгөөр шүүгч” Лувсангалдан хичээн нэгэнтээ шүүв” гэж бичсэн нь бий. Манай эртний ариутгагчид бардаагаар дөрвөн зэрэгтэй байсан нь үүнээс харагдана. Чухамхүү хэддүгээр нь илүү сайныг би мэдэхгүй. Хэрэв редакторын зэрэг олгох болбол Амар багш толгой цохино гэдгийг л би мэднэ. Учир нь 120 гаруй номыг ариутган шүүхдээ хичнээн утгын алдааг олж, хэл найруулгыг нь хичнээн сайжруулсныг тооцох аргагүй. Редакторын ажил гэдэг бол хүнд мэдэгддэггүй ажил. Хичнээн гоё заслаа ч уул ном гарахад орчуулагчийн хийсэн юм болоод л явчихдаг. Өөрөөр хэлбэл, Амар сайхан зассан байна гэж уншигч хэлэхгүй, орчуулагч сайхан орчуулсан байна л гэж үнэлдэг. Гэвч уншигчаа бодоод үгээ харамладдаггүй нь ариутган шүүгчийн зан. Харин Амар багш Р. Гүрбазарын номыг ариутгаснаа тэмдэглэн үлдээсэн нь тун сургамжит болой. Үүнд: “шинные поязки” гэдгийг Гүрбазар “дугуйн бүрээсэн боолт” гэж алд дэлэм алджээ. Амар багш үүнийг “чиг барьж боосон” гэж зассан байна. “У неё раздувались щеки” гэдгийг Гүрбазар “хүзүү нь сунаж…” гэж хийгүй бууджээ. Амар багш “хацар нь түмбийж” гэж оноосон байна. Гүрбазар маань хүний орчуулгыг шүүмжлэх гэж оролддог хүн байж билээ. Өөрийнхөө толгой дээрх эврийг харахгүй байж хүний толгой дээрх өвс хардаг хүн байж дээ. За больсу, талийж одсон хүнийг муу хэлэлтэй нь биш.

Амар багш хамт ажиллаж асан, уулзаж учирч асан дуун хөрвүүлэгч нараа дулаахнаар дурссан “Эгэл эрхэмүүд” гэсэн дурдатгалын ном бичсэн дээ. Т. Содномдаржаа, Ш. Очирбат, “Хар малгай” Жамбал багш гээд одоо нэр дурдагдахаа больсон боловч зарим хэвлэлийн газар дуун хөрвүүлгийг нь хулгайлан хэвлэсээр байгаа хүмүүс тэр номд орсон байна билээ. Одоо би гэхэд энэ хэдэн мөрийг “Миний тавилан” дурсамжийн номоос нь будаа идэн тэрлэж сууму. “Нас дээр гарсан үед өнгөрснөө эргэж харах хүсэл байтугай шаардлага гардаг байна” гэж Амар багш бичжээ. Тийм ээ, “шаардлага” байлгүй яах вэ! Чухамхүү ийм дурдатгалуудаас л эгэл түмний түүх бүрддэг болой.

Төрсөн өдрийнхөө төөргөөр тооноос зугтаж, дуун хөрвүүлэгч болсон Харгана Гүрбазарын Амар гүүшийн тавилан ийм буюу.

Амар багш маань 2005 онд Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн цол хүртэж, сүлдэт тэмдэгээр нь энгэрээ мялаасан даа. Тавин жил зон олноо соён    гэгээрүүлсэн ажлыг нь төр ийн үнэлсэн. 2006 онд Буриадын Бүгд Найрамдах улсын “Заслуженный работник культуры” (“Соёлын гавъяат хөдөлмөрчин”) цолыг ерөнхийлөгч Потаповаас нь бас гардсан. Миний бие Амар багшийг Ерөнхийлөгч Энхбаяраар Гавъяатын тэмдгээ дөнгөж зүүлгээд гарч явахад нь ордоны хонгилд таарч зургийг нь авсан боловч зургийг нь угаалгаж өгөөгүй. Гавъятынх нь найранд очихдоо шал умаахум очиж, багшийгаа магтах үгээ хэлж чадаагүй. Хожим нь Амар багш “хэдэн аятайхан үг чамаар хэлүүлэх  гэсэн чинь чи маань байдаггүй” гээд инээж суусансан. Мөн ч тааруухан шавь байгаа биз!

Эх сурвалж: http://goakim.wordpress.com /Зөвшөөрөлтэй нийтлэв/

Го. Аким Нийтлэлч: Го. Аким

HONORED FELLOW OF CULTURE OF MONGOLIA Lecturer at Pedagogical Institute, Senior Editor in Magazine "For Peace", Editor in Chief of magazines and newspapers in State Committee of Mongolian National Radio and Television, Chief Editor in MONTSAME Agency, Editor in Chief of "Il Tovchoo" newspaper, first independent edition in Mongolia. Professor of "Soyol Erdene" University, Life Member of World Academy of Arts and Cultures approved by UNESCO and registered in USA, Doctor of Literature /Litt.D/.

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Доорхи тэмдэгтүүдийг оруулна уу:

Таны сэтгэгдэл:
Анхаар: Зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!