Та дуртай зохиолчоо сонгоно уу!

Шинэчлэн орчуулсан учгийг цухуйлгахуй

Шинэчлэн орчуулсан учгийг цухуйлгахуй

Шашдирын чуулганыг шинэчлэн орчуулсан учгийг цухуйлгахуй.

Нэлээд хэдэн жилийн өмнө миний бие хатагиныхаа түүхийг бичих санаатай нухаж суухдаа Судрын чуулганаас ишлэл авах хэрэг гарсан юм. Гэтэл монгол орчуулгаас авах гэсэн ишлэл маань заримдаа утга ойлгогдохгүй, зарим нь утга гажсан байсан тул оросоос нь орчуулж уул номдоо оруулж байж билээ. Тэнд авсан ишлэл цөөн тул тэгсхийгээд орхисон болой. Тэгтэл Чингис хааны ертөнцийг үзэх үзлийн тухай Хөрстөд ганц Чингис хаан буюу Хөх монголчуудын өлзий учрал номоо бичихдээ мөн л ишлэл, чингэхдээ маш олон ишлэлийг уул түүхээс авах болж, мөн л Сүрэнхорлоогийн монгол орчуулгад хандвал бас л болсонгүй. Яаж ч болох билээ дээ, урьд энь болоогүй юм чинь. Энэ нь, нэгд, бас амарчилж бэлэн будаа идчих гэснийх, хоёрт, бичгийн хүний ёсоор нэгэнт гарсан эхээс ишлэл авах ёстой гэсэн хатуу бодолтой байсных бөлгөө. Чингээд гар дор англи орчуулга байгаагүй тул орос орчуулгаас хэрэгтэй зүйлээ авч номдоо оруулж билээ. Чингэхэд л энэ гайхамшигт түүхийг дахин орчуулахгүй бол болохгүй юм байна гэсэн бодол хатуу төрөгдсөн болой.

Утга ойлгогдохгүй байсан ану. Ном дөнгөж эхлүүт л ийм өгүүлбэр буй. Оросоор сийрүүлбэл: “Во имя Аллаха милоститвого и милосердного!... Оглавлением книги расказов, и поведением итогов изложения может быть [только] славославие, восхваление и прославление священной божественной сущности творца мира, а заглавным листом, книги преданий и узором пера ловествований могут быть [только] молтвенные благословения и приветствия чистой могиле печати пророков, его праведным преемникам, его сподвижникам и последователям.” Сүрэнхорлоогийн орчуулгыг сийрүүлбэл: ‘‘Нигүүлсэнгүй авралт Аллахын төлөө...! Сайхъ өгүүлэлт номын товъёг ба зохион бичсэний үр учир нь хорвоо ертөнцийг бүтээгчийн ариун бурханы чанарыг л /тухайлан/ магтах, шагшин алдаршуулах явдал байх бөгөөд харин домгийн номын гарчгийн хуудас, хүүрнэлийн үзэгний үзүүрээр гарсан мэтээр тэргүүтэн цөмөөр ариун шарил, зөнчийн тамга, түүний үнэнч залгамжлагчид, хамтран зүтгэгчид, шавь нарт нь зориулан ерөөл өргөн, тэдгээрийн амгаланг эрсэн байх юм” гэжээ. Энэ нь орос эхийг хэт барьсан учир ойлгоход бэрхтэй, хоёрт бөгөөд гэдэг холбоосоос хойш утгыг ухаагүй нь уншигчдад ил буй байгаа байх аа. Эл өгүүлбэр англи орчуулгад байхгүй юм. Иймд молхи би оросоос нь орчуулж, өөрийн орчуулгыг нөхсөн билээ. Иймээс энэ орчуулгыг толилуулсу. Авран нигүүлсэгч Аллах тэнгэрт мөргөмү! Ертөнцийг заяагчийн тэнгэрлэг гэгээн чанарыг гагцхүү ерөөн алдаршуулж, магтан дуурсгахуй нь судар шашдирын чуулганы нэр, [энд] хүүрнэн буй зүйлийг найруулсны үр [болж ч магад], виваангирдичийн тамгат ариун бунханд хийгээд түүний буянт залгамжпагч, шадар зүтгэгч, сүслэн дагагчдад өргөсөн хойтын ном, ерөөл нь үлгэр домгийн номын гарчиг, өгүүлэхүйн бийрээр татсан өлзий утас болж ч магад буюу.”

Миний бие өөрийн орчуулсныг гайхамшигтай сайхан болсон гэж үл магтъюү. Өөр нэг хүн орчуулахад өөрөөр найруулах нь дамжиггүй. Гэвч “үмхий идээ эзэндээ амттайн” үлгэрээр өөрийгөө ямартай ч хүн ойлгогдохоор орчуулсан хэмээн өөртөө эрэмшиж суумуй. Цаашилбал “это имя есть перламутровоая раковина, наполненная пятнадьцатью жемчужинами” гэсэн өгүүлбэрийг “энэ есөн хэсэгт нэр бол танан дун, арван таван сувдаар дүүрсэн байна” гэж буулгажухуй. Үүнээс уг эхийн утгыг ойлгох аргагүй. Гэтэл миний бодлоор бол “арван таван сувдаар дүүрсэн танан хясаа” гэмээр. Яагаад гэвэл нэгд, сувд дун дотор байдаггүй, хясаанд байдаг. Хоёрт уг өгүүлбэрийн утгыг ойлгоогүйгээс ухагдахаар найруулж чадсангүй. Англиар Такстоны орчуулсан нь: “...that name is nine marvelous oyster shells stuffed with pearls five and ten” гэжээ. Чадан ядан орчуулсан минь: “Энэ нэрийг арвантаван сувдан шигтгээт гайхамшигт есөн хясаа гэлтэй. ”

Утга эндүүрсэн инү. Орос орчуулга нь, “журавль, несмотря на свою величину питается травой и глиной, а царственный сокол, несмотря на свой малый рост,--мясом и жиром” гэжээ. Сүрэнхорлоогийн орчуулсан нь, “Тогоруу нь хэдийгээр том биетэй ч өвс шавраар хооллодог, хангарьд нь жижигхэн биетэй ч өөх тосоор хооллодог” гэсэн байна. Энд царственный сокол гэдгийг хан гарьд болгож орхижээ. Тэгээд жижиг биетэй гэжээ. Гэтэл монголчууд үлгэр домгийн энэ шувууг аварга том биетэй, уул талыг бүрхсэн далавчтайгаар дүрсэлдэг. Чингэхлээр царственный сокол нь яагаад ч хан гарьд байж таарахгүй. Энэ нь ердөө л шонхор гэсэн үг, хаан мэт сүрлэг гэсэн утга бүхий царственный гэдэг чимэг нэмснээрээ л үүнийг жижиг биетэй ч шувуудын хаан гэж дүрслэсэн хэрэг юм. Энд үгийн утга эндүүрснээс логикийн алдаа гарсан байна. Бүр эсрэгээр утга алдсан нь байх. Жишээлбэл: “С ними заключили союз племена дурбан, татар, и кунгират. Они поклялись друг другу клятвой, крепче которой нет среди монгол” гэснийг “Тэдэнтэй дөрвөн, гатаар, хонгирад, аймгийнхан холбоо тогтоож, монголчуудад тохиолддоггүйгээр андгайлсан байна” гэжүхүй. Гэтэл энэ нь уул утгаараа бол “монголчуудын хувьд андгай тангараг хамгийн бэх бат юм нь байсан" гэсэн санаа. Тийнхүү монголчуудыг ихэд магтсан санааг шал эсрэг муулсан байдлаар буулгаж, буудана буудана гэхэд даан ч хийгүй буудсан ажгуу. Такстон ангилаар орчуулсан нь, “Among the Mongols is no greater oath” гэсэн байна. Үүнийг мөхөс би “Монголчуудын хувьд андгаар тангарагаас илүү агуу юм гэж үгүй” гэвэй. Мөн өрлөг түүхэнд шинэ хүлэг баатар нэмсэн нь ч байх юм. Жишээ дурдсу. “...конь на котором ехал Джилагукан бахадур” гэснийг “Залуухан баатрын унаж явсан...морь” гэжээ. Гэтэл энэ нь залуухан баатар бус Сорхон шарын хөвүүн Чулуун баатар юм.

Энэ мэт жишээг өдий төдий дурдаж болно. Гэвч миний бие энэ монгол орчуулгыг шүүж, алдаа оноог нь шинжпэн, Сүрэнхорлоо орчуулагчийг шүүмжлэх зорилгогүй тул орхису. Энэ бүхнийг дурдсаны учир гэвэл өөрийн шинээр орчуулсныг зөвтгөх гэсэн миний “атхаг” санаа болой.

Го. Аким Нийтлэлч: Го. Аким

HONORED FELLOW OF CULTURE OF MONGOLIA Lecturer at Pedagogical Institute, Senior Editor in Magazine "For Peace", Editor in Chief of magazines and newspapers in State Committee of Mongolian National Radio and Television, Chief Editor in MONTSAME Agency, Editor in Chief of "Il Tovchoo" newspaper, first independent edition in Mongolia. Professor of "Soyol Erdene" University, Life Member of World Academy of Arts and Cultures approved by UNESCO and registered in USA, Doctor of Literature /Litt.D/.

Дараах бүтээлүүдийг толилуулж байна

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Доорхи тэмдэгтүүдийг оруулна уу:

Таны сэтгэгдэл:
Анхаар: Зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!