Та дуртай зохиолчоо сонгоно уу!

Аугаа их түүхээ ухаарахын учир

Аугаа их түүхээ ухаарахын учир

Бидний өндөр дээд өвөг Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Уйгур, Хятан, Их Монгол Улс бүгдээрээ Евразийн их хуурай газар дээр төрт ёс, түүх-соёлыг 2000 гаруй жилийн турш бүтээсээр өдгөө хүрсэн түүхтэй билээ. Харамсалтай нь бид гадаад, дотоодын олон хүчин зүйлээс үүдээд өөрсдийн аугаа их түүх-соёлоо “бүдүүлэг харанхуй, хоцрогдсон, мөхөх шахсан” гэх мэтээр хүний үгээр цоллосоор XXI зуунтай золголоо. Даяаршлын энэ эрин үед бид юугаа өвлөж үлдэх, юугаа гээснээ эргээд бодсон чинь түүх-соёл, ахуйгаа дэндүү их гээснээ одоо ухаарч эхэллээ.

Ялангуяа манай Монголын түүхийн хамгийн аугаа гайхамшигтай үе бол XIII зууны үеийн Их Юань Улсын эрин үе юм. Өмнөд хөрш, өнөөгийн БНХАУ-ын төрт ёс, түүх-соёлд нь Монголчууд бид арилшгүй, баларшгүй өв уламжлалаа үлдээчихсэн, түүнийгээ ухаарч мэдэх, санаж сэрэхээ байчихсан ийм үед, залуу судлаач О.Батсүх маань Бээжин хотоор аялан явахдаа Монгол өвөг дээдсийнхээ бүтээсэн, үлдээсэн түүх-соёлын уламжлалыг, 5000 жилийн түүх-соёлын уламжлалтай эртний Хятадын соёл дундаас олж, ялган харж чадсан нь “Алдарын зам” гаргасан үйл явдал болжээ.

Бидний хэдэн монголчууд идэж уух, мөр бүтэн явахын хүслэнд хөтлөгдөн Бээжин хотоор зорчиж байсан боловч сүүлийн 20 жилийн турш хичнээн удаа, хичнээн хүн “бидэрч явсан” тоог гаргаж дийлэх болов уу? Гэтэл О.Батсүх энэ бүтээлдээ БНХАУ-ын нийслэл Бээжин хотыг бидний Монголчуудын өвөг дээдэс бүтээн босгосныг, цэцэглүүлэн хөгжүүлснийг дэлхийн улс орнуудын түүх-соёл, иргэншилтэй харьцуулан энгийн хүнд ойлгогдохоор хялбаршуулан, баримттайгаар харьцуулан жишиж үзүүлсэн зураг тайлбартайгаар уншигч таньд хүрч, нэгийг сануулж, хоёрыг бодогдуулах буй заа.

Энэ номын анхны уншигч болсны хувьд бүлэг зүйлээр тайлбарлан магтан дуулахад надад үг хайрлахын учир шалтгаан алга. Гагцхүү уншигч таныг өөрөө уншаад аугаа их түүхээ урьд өмнөхөөсөө, юу юунаас илүү ухаарч ойлгон, гайхамшгийг мэдэрнэ гэдэгт эргэлзэхгүй байгаа учраас олон дэлгэрэнгүй тайлбар хийхээс зайлсхийж байгаа юм.

Энэ ном уншигч таны гарт хүрэх хүртэл урьд өмнө ямар ч түүхч, ямар ч номын зохиогч, бидний өвөг дээдэс Монголчууд Бээжин хотын шавыг тавьсан, тэнд бүтээн босгосон түүх-соёлын олон дурсгал өнөө болтол хадгалагдсаар байгааг өнөөгийн бидэнд харуулаагүй, уншуулаагүй байгаа билээ. Үүнийг хамгийн түрүүнд ухаарч харсан, судалж шинжилсэн залуу судлаач О.Батсүхийн оюуны бяр тэнхээ ямар байгааг давхар харуулж байгаа юм.

Энэ номноос Хубилай хааныхаа гэр бүлийн тухай, түүний ухаант гүнжийн тухай, өнөөгийн дэлхийн суу алдарт Бээжин хот балгасыг нүүдэлчид хэрхэн яаж ухаалгаар цогцлоон бүтээснийг, Цавчаал боомтын хаалга яагаад суу алдарт “Ялалтын хаалга” болсныг, дэлхийн улс орнуудын ялалтын хаалганууд яагаад баригдах болсныг Монголын түүхээр дамжуулан унших болно.

Түүнээс гадна даян дэлхийн хүчирхэг их улс (орчин цагийн гадаад нэр томъёогоор бол супер империя) олон жил хүчтэй оршин тогтнохын тулд олон хэлний, гарал үүсэл нь янз бүр ард түмнүүдийн сэтгэл оюуныг хэрхэн жолоодох ухааныг, улсын хөгжлийн гол үндэс нь эрдэм боловсрол, түүний дэг сургуулийг хэрхэн үүсгэн хөгжүүлснийг, улсын эдийн засаг яавал хурдан хөгжиж болдог түүхийг болон алдарт Марко Пологоор нэрлэгдсэн гүүрний түүх, олон хэл соёлтой, үндэс язгуур өөр өөр хүмүүс яаж нэг шүтээнтэй байж болдгийг, “Урт Цагаан хэрэм” яагаад Их Юань Улсын үед хэн ч хэрэглэхээ байсан боловч түүхийн дурсгал болж үлдсэнийг, үй түмэн хүн цугласан их хот балгас бичил байгаль орчингүйгээр амьдарч болохгүй болохыг Бээжин хотын эртний цэцэрлэгийн жишээгээр дэс дараалан мэдэх боломжтой болж байна.

Уйтгартай олон үгээр бичсэн түүхийн сунжруу ном бүтээлийг, үгээр биш газар газрын түүх-соёлын жишээ баримтаар харьцуулан үзүүлж, тайлбарлаж бичсэн ном учраас уншигч та сэтгэл оюунаа чилээхгүйгээр Монголынхоо Их Юань Улсын түүхийг уншиж ухаарна, бахархаж биширнэ. Таны бахархал, бишрэлийг “Их Монгол Улс”, Их Юань Улс”, “Алдарын он дараалал” бататгана, сэтгэл урмыг тань огшооно.

Тиймээс би өөрөө түүхч, эртний түүхийг судлаачийн хувьд, урьд нь яагаад энэ их аугаа соёлоо ингэж тайлбарлан бусдад хүргэхгүй яасан юм бол? гэж өөрийн эрхгүй бодоход энэ бүтээл хүргэсэн юм. Ингэж жишээ баримттайгаар харьцуулан үзүүлсэн түүх-соёлын өв ухаарал, бахархлыг төрүүлдгийг би ч бас анхны уншигчийн хувьд мэдэрсэн болно. Уншигч Та бүхэн ч гэсэн миний адил сэтгэгдэлтэй үлдэнэ гэдэгт би дахин эргэлзэхгүй байна. Та бүхний гэрэлт оюуны мэлмий тань гэгээн тунгалаг байж, алтан өлмий тань бат сайхан орших болтугай хэмээн ерөөл айлдан оршил үгээ жаргаая. Археологич, профессор Хатагин Д.Эрдэнэбаатар

Д. Эрдэнэбаатар Нийтлэлч: Д. Эрдэнэбаатар

Диймаажавын ЭРДЭНЭБААТАР. Архелогич, доктор, профессор

 

Дараах бүтээлүүдийг толилуулж байна

Related Articles

ХУБИЛАЙ ХААН. Монголын их Юань улс
Нэгэн цагт Хубилай хаан морьтон Монголчуудаа дагуулан өнөөгийн Бээжинг өргөтгөн сайжруулж Их Юань улсынхаа нийслэл хот болгосон талаар бид мэддэг. Гэхдээ бид Хубилай хаан болон үр ач нартай нь холбоотой уран барилга, урлагийн үнэт бүтээлүүдийг тийм ч сайн мэддэггүй. Энэхүү бүтээлээр Хубилай хаан болон Монголчуудын байгуулсан Их Юань улсын түүхэнд үлдээсэн ул мөрийг мөшгөн танилцуулах болно. Хубилай хаан бол өвөг эцэг Чингис хааныхаа адилаар дэлхийд танигдсан хамгийн алдартай түүхэн хүмүүсийн нэг билээ. Монголын Их Юань улсын хөгжлийг өмнө оршин тогтнож байсан залгамж улсаас нь эхлээд өнөө үе..
0 comments on this article - view comments

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Доорхи тэмдэгтүүдийг оруулна уу:

Таны сэтгэгдэл:
Анхаар: Зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!