Та дуртай зохиолчоо сонгоно уу!

Самбуу гуай бол брэнд

Самбуу гуай бол брэнд

Одоогоос бараг хоёр жарны өмнө Түшээт Хан аймгийн Зоригт вангийн хошуунд зуны дунд cap шувтарч, хавар төллөсөн малын зүс жигдэрсэн үед Самбуу гуай мэндэлсэн гэдэг. Малчны хотонд төрсөн жаалхүү хожмоо хорьдугаар зууны ээдрээ нугачааг туулан нэгэн жарныг дамнан, Монгол төрийн зүтгэлтэн байж чадсан юм.

XIX зууны өнгөнд хэлд, хөлд орж XX зууны эхэнд боловсрол эзэмшиж, бага залуу наснаасаа төрийн хэрэгт зүтгэж, Цагаагчин гахай жилийн хувьсгал, Ардын хувьсгалын жилүүдэд ухаажиж, Шамбалын дайн, 1937 оны хэлмэгдүүлэлтийг нүдээр үзсэн түүний жилүүдэд манай гараг дээр дэлхийн хоёр дайн дэгдэж, хүн төрөлхтөний амьдрал хөрвөж, улс орнуудын хүчний харьцаа өөр өөр дэглэм журамд хуваагдаж байсаан.

Самбуу гуай Наймдугаар богд, Чингисийн удмын язгууртнууд, Сун Ятсэн, Ленин, Сталин, Мао, Хитлэр, Чөрчил, Рузвельт хийгээд тэдний дараа үеийн дэлхийд амьдарч, Данзан, Бодоо, Сүхбаатарын жилүүдэд идэр залуу байж, Чойбалсантай хамтран ажиллаж, Цэдэнбалын тулах хүч, нөмөр нөөлөг нь байж орчин цагийнхаар бол Ерөнхийлөгчийн алба, тэр үеийн АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар 18 жил ажилласан хүн.

Хорьдугаар зуунд Монгол Улс эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, эхний үндсэн хуулиуд батлагдаж (1924, 1940,1960), Нэгдсэн Үндэстний Байгууллагад гишүүнээр элсэж, улмаар өнөө цагийн улсын дайтай улсын эх үндсээ баттай эмхэлхэд Самбуу гуайн амьдарч, бүтээж, хөдөлмөрлөж ирсэн цаг үеийнхний тэмцэж, туурвисан нь арвин.

Намайг ухаан орох цагаас л аав маань Самбуу гуайн тухай баримт, сурвалжлага, ярилцлага тэмдэглэл хийж олон хүнтэй уулзаж, хууч яриа дэлгэж, хорьдугаар зууны нурууг босгосон олон арван буурлуудтай учирч "Монгол төрийн мэргэн өвөө" номоо бүтээсэн юм. "Зэрэг нэмэхийн өмнөхөн" киноны эхэнд Л.Түдэв гуай "Зохиогч нь ард түмэн, бичигч нь би билээ" гэдэгчлэн Самбуу гуайн тухай ном ч бас бүтээгчтэй, тэр нь Самбуу гуайг мэдэх хүмүүс, түүнийг хайрладаг ард түмэн юм. Харин ард түмний дунд сэтгэлийн дулаан элч, гэгээн дурьдатгал, хүндэтгэл дүүрэн дурсамжийг агуулж байдаг тэр сэвдийн араас хөөцөлдөж Самбуу гэх Монгол төрийн зүтгэлтнийг дахин тодотгож гаргасан нь аавын маань энэ номыг бүтээсний утга учир болов уу гэж боддог юм.

Самбуу гуайн тухай ном бол нэгэн бие хүний түүхээр илэрхийлсэн Монгол соёл, зан заншил, уламжлал бахархал, хүний мөс, жудаг цараа, ноён нуруу, уужим сэтгэл, сайн суртлын тухай сургаал бас сургууль юм. Самбуу гуайн тухай номонд домог шиг, үлгэр шиг олон арван дурсамжууд байдаг ч бүгд бодит явдал, үнэний дөрөөнд боссон түүхүүд. Самбуу гуай
XX зууны Монголын түүхэн төлөөлөл мөн боловч түүний үлгэр дууриал, хүний мөн чанар нь хэвээ ч хуучрахгүй, бас хоцрогдохгүй. Учир нь түүний эх орноо, нутагусаа, хэл соёлоо, нүүдэлчин уламжлалаа гэсэн хатуу итгэл үнэмшил, үндсэн зарчим нь ямар ч Монгол хүний байнгын бахархал, гоёл юм.

Орчин цагийн улс төрд хөл тавьж байгаа, бас хөл тавиад удсан, улс төрийг амьдралаа гэж бодсон хатуу итгэл үнэмшилтэй нөхдүүд Самбуу гуайгаас суралцсаар байхучиртай. Самбуу гуай орчин цагийн ойлголтоор бол "улс төрч" гэхээс илүүтэй жинхэнэ "Төрийн хар хүн" байсан. Бас гайхалтай дипломатч, үгийн асар өргөн мэдрэмжтэй, олон үндэстний хайрыг татсан, уг соёлоо хайрладаг эх оронч байсан. Хэдий хатуу цагийн эрхшээлд амьдарч байсан ч Самбуу гуай Монгол төрийн тэргүүний хувьд Чингисийн төрийн уламжлалыг хүндэтгэж, хар цагааны дэнсэн дэх хүнд он жилүүдэд улсынхаа тусгаар тогтнолын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн хүн юм.

Удирдагчийнх нь хувьд орчин цагт "Ноу Хау" гэж нэрлэгдэх болсон Самбуу гуайн "арга туршлага"-ыг энэ ном тодорхой өгүүлэх болно. Өнөө цагийн Төв аймгийн Бүрэн сумын Гурван хүрний дэнжид Самбуу гуай өсөж торнисон. Тэндээс хэдэн саахалт Баянтөхөмд нэгэн жарны дараа эл номыг бүтээгч Ширчингийн Сүхбаатар төрсөн. Монгол төрийн бахархал болсон, нутгийн буурал өвгөний өвөр дээр нь "эрхэлж", чихэр авч явсан аавын маань хувьд эл номыг бүтээх сэдэл, эрмэлзлэл олон арваны чинадаас дайгдаж ирсэн биз ээ.

Самбуу гуай нэгэнт Брэнд болжээ. Брэнд бол алдаршил. Тэр удах тусмаа үнэ цэнэтэй болдог шиг Самбуу гэдэг брэнд одооч улс орондоо ач тусаа хүргэж явна. Нэг бяцхан түүх сонссоноо өгүүлье.

Дэмбэрэлийн Төртогтох гэж дөлгөөхөн зантай, машид зарчимч, хийж бүтээхийн төлөө төрсөн уран дархан бий. Төрөө ах 1992 онд Чингис хааны туульс хэмээх одоо УИХ-ын Байнгын хороодын танхим дахь нүсэр сийлбэрийг бүтээсэн нэгэн. Түүний дараа УИХ-ын танхимд байрлах төрийн индэр, мөн гурван өндөрлөгийн ширээ болоод сэнтий, цаашлаад Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө гэр, мөн Монголын нууц товцооны есөн эрдэнээр бүтээсэн хосгүй эх, Үндсэн хуулийн есөн эрдэнээр бүтээсэн хосгүй нэгэн эх, Төрийн тулга гээд энэ цагийн Монгол төрийн хамаг л эрхэм дээд бүхнийг урлаж яваа нэгэн.

Төрөө ах 2006 онд Их Монгол Улсын 800 жилийн ойгоор Монголын нууц товчоог бүтээснийхээ дараа Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө гэрийг бүтээх ажилд ханцуй шамлан оржээ. Мэдээж мянганаар өртөөлсөн Монгол төрийн уламжлалыг шингээсэн ёслол хүндэтгэлийн гэр гэдэг их ажил ундрах нь лав. Гэрийн дотор хөшиг хийх болжээ. 26.8 м урттай
хөшгийг магнаг торгоор хийхээр тооцож. Энэ дагуу Жагарын (БНЭУ) оронд хандаж тэнд суугаа манай Элчин үнэ судалтал ерөөсөө бүтэн гэрийн зардлаасаа хол давсан, мөн хөшиг хийх төсвөөсөө 30 дахин өндөр үнэ хэлж. Ингээд магнагторго бүтэхгүй болж эх орондоо зээхт наамлаар хийе гэхэд бас л үнэ өртөг нь цойлоод явчихаж. Ингээд БНАСАУ-ын Элчинд хандсан аж. Хойд Солонгосын элчин тэр үед Ж.Самбуу гуайн тухай яриа дэлгэж бөмбөгдөлтийн хүнд үед биднийг орхиогүй, жаргал зовлонгоо хуваалцаж чадсан хүн бол Самбуу гуай гэж хэлээд "Бид та бүхэнд Самбуу гуайг бодоод туслая" гэж хэлжээ. Энэ дагуудаа яриа хэлцэл ч амжилттай болж, улмаар Ардчилсан Солонгосын 150 хатгамалч бүсгүй Монгол төрийн ёслол хүндэтгэлийн өргөө гэрийн хөшгийг хатгаж өгчээ. Тус улсын ханшаар бол 10 дахин өндөр зардал гарах байсан ч Төрөө ахыг Хойд Солонгост очиход нь мөн л Самбуу гуайн тухай хууч яриа өрнөж манай талын хэлсэн үнэнд мөнөөх хөшгийг урлаж өгсөн байна.

Хөшгөн дээр Д.Нацагдоржийн миний нутаг шүлэг монгол бичгээр орсон бөгөөд хоолойн хэсэгт нартай бороо шивэрч, солонго татлаад таван өнгийн далавчит морьд давхилдаж, нэгүл модонд шувуу жиргэж байгаа энх цагийн зураглалтай. Эх нутгийн бууц санагдуулам бор хүрэн өнгө суурилж, төрийн гурван толгойт уламжлалт үүлсийг зохиомжилж, доод хүрээгээр нь Хүннү гүрний ширдэгний хээг оруулсан хосгүй тансаг хатгамалыг мөнөөх Солонгосчууд Улаанбаатарт авчирч өгөхдөө ч мөн л Ж.Самбуу гуайн тухай халуунаар дурсаж байсан гэдэг. Хожим нь Төрөө ах "Энэ хөшгийг урлахад Самбуу гуайн тухай гурвантаа яригдаж, хоёр улсын найрамдлын илэрхийлэл болж чадсанаар бид ч ажлаа бүтээж чадсан юм" гэж билээ.

Сайн хүний үйлс өрнүүн агаад хэвээр ажээ. Нэр нь ч домогшин үлддэг аж. Самбуу гуай орост олон жил Элчин суугаад ирэхдээ эндээс авч явсан хэдэн цүнхээ бариад л ирсэн гэдэг. Төрийн хүн гэдэг ийм мундаг ёс суртахуунтай байдаг аж. Одоогийн Монголд Самбуу гуай шиг ёс суртахуунтай улс олшроосой. Түүний тулд эл бүтээлээс үлгэр аваасай.

Самбуу гуайн тухай бичсэн "Монгол төрийн мэргээ өвөө"номоо миний аав Ширчингийн Сүхбаатар уншигч олноо дахин хүргэж байна. Эрдмээр нөхөрлөхүйн ерөөл өргөж эрхэм уншигч өргөн барив.

Язгуур соёл сан, Жак Уэтерфорд сангийн тэргүүн СҮХБААТАРЫН ЭРДЭНЭБОЛД

С. Эрдэнэболд Нийтлэлч: С. Эрдэнэболд

Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургуулийг “LL.B” зэргээр, Америкийн Нэгдсэн Улсын Индианагийн Их Сургуулийн Хуулийн Сургуулийг “LL.M.” зэргээр тус тус дүүргэсэн. Хуульч мэргэжилтэй.

Үндсэн хуулийн харьцуулсан эрх зүй, Европийн холбооны эрх зүй, Корпорацийн эрх зүй болон “Үг хэлэх, хэвлэн нийтлэх” эрхийн чиглэлээр дагнан судалдаг. Эрх зүй, илтгэх урлагийн чиглэлээр хэд хэдэн ном бичиж хэвлүүлсэн.

Индианагийн их сургуулийн Хуулийн сургуульд туслах багш, Хууль зүйн үндэсний хүрээлэнд Гадаад харилцаа, хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтнаар тус тус ажиллаж байсан. Англи, орос хэлтэй.

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Доорхи тэмдэгтүүдийг оруулна уу:

Таны сэтгэгдэл:
Анхаар: Зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!