Та дуртай зохиолчоо сонгоно уу!

XIII зууны Монгол хөгжим

XIII зууны Монгол хөгжим

Урлаг судлалын ухааны доктор /Ph.D/, СУИС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, С.Соронзонболд багшийн уншсан лекцийн сэдэв, гаргасан номынх нь нэр “XIII зууны үеийн Монголын хөгжим”, одоо чармайж буй  эрдэм судлалын  ажил нь ч энэ буюу.

“Хүн ер нь бүхий л амьдралынхаа туршид маш их бохирддог амьтан юм байна. Эрт дээр үеэс бие сэтгэлээ ариусгаж  ирсэн олон аргын нэг нь хөгжим” байжээ. Эртний судруудад ая аялгуугаар ариусгахуйн тухайд, тухайлбал Их Юань улсын үеийн таван ч сударт энэ тухай онцгойлон  дурдсан байдаг хэмээн  яриагаа эхэлсэн хөгжмийн зохиолч, хөгжим судлаач С.Соронзонболд   XIII зууны үеийн Монголын хөгжмийн ертөнцийн тухайд  урд өмнө нь тэр бүр  дуулдаж, сонсдоогүй  олон сонин баримт сэлт дэлгэн, судалгааныхаа хүрээнд тэрхүү гайхамшигтай өв соёлын талаар олж мэдсэн зүйлээсээ харамгүй өгүүлэв.

Их Юань Улсын найрал хөгжмийн бүтэц зохион байгуулалт, зэмсэг судлалын аянд олзтой яваа судлаачийн лекцээс хийсэн  товч тэмдэглэлээ сийрүүлье.

Их Юань улсын хааны ордон 600 гаруй хөгжимчинтэй их найрал хөгжимтэй, тэрхүү найрал хөгжмийг хөгжмийн зохиолчийн хэмжээний чадварлаг   хоёр удирдаач удирддаг байжээ. Мөн 600 гаруй хөгжмийн зохиолтой байсан зэрэг  чухал баримтууд буй аж.  

Олон судар үзэж судалсны дотор   Юань Улсын судрын 71 дүгээр дэвтрийг  судалгааныхаа гол тулгуур болгосон ажээ.

Монголчууд  өвөг дээдэстээ хөгжмөөр хүндэтгэл өргөдөг Төрийн ордны хэмжээний нэгэн их  ёслол хийдэг байжээ. Есүхэй эцэг, Чингис хаан түүний дөрвөн хүү нийт долоон хүнд хөгжмийн аялгуу эгшиг, тайлга бүжгээр  ёслол хүндэтгэл өргөдөг байгаад дараа нь Хувилай хаан тэнгэрт хальснаар найм болж төдөлгүй 10 их хүнд  тийн  өвгөдөө хүндэтгэн дурсах ордны болоод сүмийн  хөгжмийн их тайлга тахилгатай байсан тухай дээрх сударт дурдсан байдаг ажээ.

Их Юань Улсын найрал хөгжмийн бүтэц, зохион байгуулалт, хөгжмийн зэмсгийн тухайд өгүүлсэн нь:

Ёслол хөгжмийн хураангуй, хуримлах хөгжмийн сан, ёслол хөгжмийн анги, Ном номлогч анги, жүжгийн гэх мэт олон ангитай, мөн бүжиг ангитай, бүжигчид нь давхар  дуулдаг хүмүүс байжээ.

Хөгжимчид нь арван хоёр жилийн дарааллаар тойрон, цагаан эсгий дээр суудаг, хөгжмийн зохиолоо ч  мөн арван хоёр жилийн дарааллаар бичиж туурвидаг  байсан гэнэ. Найрал хөгжмөө  морин суудал дээр суусан хөгжимчнөөс  эхлүүлж,  хулгана суудалд суусан хөгжимчнөөр жаргаадаг байж.   Найрал хөгжим нь олон бүрэлдхүүнтэй байсны дотор  ордон 248 хүнтэй, хятадын дөчин таван хүнтэй оркестр, Кунз богдын сүмийн  хөгжим, найман хөгжимчинтэй ном тоглогч анги, жүжгийн анги гэх мэт өөр олон анги бүрэлдхүүнд нь багтдаг байжээ.

Тойрон суусан хөгжимчдийн  хойморт билгэдэлт есөн тооны ёсөн чавхдаст хөгжимчин, тойруулгын голд гучин зургаан  бүжигч дуучид хоёр эгнээгээр баруун зүүн тийш харан суудаг, давшин дуулах ангийн хөгжимчид нь хөдөлгөөнтэй тоглодог. Бүх хөгжимчид өмссөн хувцсаараа ялгардаг байсан гэнэ. Удирдаач нь модон пай, мөн ялгарах хувцас өмсгөлтэй байжээ. Мөн жилийн дотор тэр 600 гаруй хөгжимчнийг хөгжмийн зэмсэг хийгээд гутлаас бусад бүх өмсгөл зүүлтээр жигдэлсэн тухай баримт дурдсан байна.

Хөгжмийн  онол бичлэг, нот найруулга нь европынхоос  тэс өөр, гол ус, төмөр, шороон мах бод буюу тооны аргаар бодож хийдэг нарийн журамтай байсан гэнэ.

Удирдаачийн ёс дэг тусдаа, өглөө, өдрийн гэгээ гэрэлтэйд, орой үдшийн бүрэнхий, харанхуйд хэрхэн удирдах гм бичигдсэн нарийн дэгтэйн дээр туслах удирдаачтай, ордны хоёр баганы хооронд тэдгээр туслах удирдаач олонд харагдалгүйгээр дохидог байсан тухай хүртэл дурдагджээ.

Лэгдэн хааны үеэс  Монголын их хаадын ордны хөгжмийн тэрхүү их соёлыг хязгаарлан ялангуяа энгийн ардад  үл зөвшөөрснөөс аажимдаа мартагдсаар хожмоо бүр тасарчээ хэмээн судлаач үзэж байгаа аж.

Тэр үеийн хөгжмийн зэмсгээс таван чавхдаст төрийн их ятга эдүгээ бидний үед олдож   одоо сэргээгдэж байгаа аж. Ятгын хүзүүг сураар ороосон, тэрхүү сурыг нь тайлан үзвээс дотор нь рун бичгээр шивсэн номын үсэгтэй аж. Одоогоор чухам юу гэж бичсэнийг тайлан уншиж чадаагүй ч судлаачид энэ бол тэнгэрийн хэлээр бичсэн тарни хэмээн үзжээ.

Тэнгэрийн арван хоёр дуутай, Чингис хааны сүнсийг дууддаг тахилгын дуу, дээд тэнгэртэй рун хэлээр харилцаж байсан гэх мэтээр эрдэмтэн Энэбиш номондоо бичсэн байдаг гэнэ.

Өлзийт хааны бунханы зурагт  тэрхүү хөгжмийг морин дээр тоглож буй хүний дүрс байдаг аж. Мөн ятга тоглож буй эрэгтэй хүний дүрстэй хоолны цар олдсон байна.

Арван гурван чавхдастай ховис хөгжим, хан хүүг өргөмжлөхөд эгшиглүүлдэг луу толгойтой ятга хөгжим  ч байжээ. Эдгээрээс манай музьейн сан хөмрөгүүдэд хадгалагдаж байсан нь хилээр гаран Япон зэрэг өөр орны музьейд оччихсон байгаа нь харамсалтай.

Ордны их найрал хөгжмийн бүрэлдхүүнд багтдаг  жүжиг ангийн бүх жүжиг арван ангитай, анги болгон нь өөр өөр тогтсон хэв ёстой байжээ. Тухайлбал  тавдугаар анги нь тэнгэртэй холбогдсон, нисэх байдлыг их үзүүлдэг, долдугаар анги нь уул усны эзэд, сахиулсан тэнгэрүүдтэй холбоотой, цаанаасаа зориуд дэглэсэн цөөхүүл бүжиг, дуу хөгжимтэй байжээ. Зарим дуу нь их алдартай учир аялгуу нь өргөн тархсан, ялангуяа Их Юань Улсын сүлд дууг Манжийн үед ашигласан, Их хүрээний тэмдэглэл судар нь ноттойгоо үлдсэн байдаг аж. Тэрхүү сударт “морины чих дусаана” гэх мэт тайлахад бэрх нууц ном их  байдаг ажээ.

Мөн заавал андгай бүжиг бүжиглэдэг байсан гэх зэрэг сонирхолтой зүйл их гарч ирж байна.

-Бид хөгжмийн судалгаанд өрнийн номоор хандаж, түүний арга чаргаар үзэж, явж ирлээ, ийнхүү яг өөрийнхийгөө судлаад үзэхээр их өөр  юм байна хэмээн С.Соронзонболд багш лекцээ өндөрлөв.

-Ордны хөгжмийн зэмсгийн нэг ятга хөгжмийг Казахууд манай хөгжим гээд байгаа бололтой. Энэ тухай та юу гэж үзэж байна вэ гэсэн асуултад:

-Ялгаж хэлэхэд хэцүү. Казахууд Зүч хааны шарилын ойролцоогоос олон хөгжим олсон юм билээ. Түүнийгээ сэргээгээд, хөгжим тоглож,  багахан чуулга хүртэл байгуулсан. Ер нь тэр үеийн Их Юань Улсад зорчсон  Өрнө, Дорнын жуулчдын тэмдэглэлд маш олон янзын хөгжимтэй байсан тухай бичсэн байдаг, Персийн зураач, урчууд Монголын хаадтай холбоо харилцаатай байснаас зурж үлдээсэн юм ч их байдаг бололтой. Яг тэр нь тэднийх, энэ нь эднийх гээд   одоо ялгаж хэлэхэд хэцүү хэмээн хариулав.

Ийнхүү Монголын хөгжмийн судлалд чухамхүү өөррүүгээ хандсан  нэгэн шинэ голдирол цаашид улам бүр хүчээ аван дэлхийн хөгжимд монголчуудын оруулсан хувь нэмэр хэмээн дорвитойхон дуугарах цагийг наашлуулнам. Хөгжмийн аялгуу эгшгээр ариусахуй нь монголчуудын язгуур соёлын нэгэн байсан бололтой.

Ямартай ч Сүрэнгийн Соронзонболд багшийн бичсэн“XIII ЗУУНЫ МОНГОЛ ХӨГЖИМ” бүтээлийг хөгжим судлаачид, соёл урлагийн салбарынхан төдийгүй монгол хүн бүрийн заавал олж унших ном юм байна гэсэн бодол танхимд суусан хүн бүрт төрөө болов уу.

Эх сурвалж: http://msuac.edu.mn

С. Соронзонболд Нийтлэлч: С. Соронзонболд

Урлаг судлалын ухааны доктор /Ph.D/, СУИС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга.

Дараах бүтээлүүдийг толилуулж байна