Монгол нүүдэлчдийн эдийн соёл

Батсайхан. Ц, Мэнд-Ооёо. Г
Монгол нүүдэлчдийн эдийн соёл

0 үнэлгээтэй

Захиалгын код: MB2014012406
Хэвлэгдсэн он: 2009
ISBN: 978-99929-1-706-7
Нүүрний тоо: 224
Формат: Хатуу хавтас
Хэмжээ/см/: 28.8 x 21.5 x 2.5
Хүргэлтийн жин: 1400 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 60,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Нүүдэлчин монголчууд хүн төрөлхтөний түүхэнд өвөрмөц баян уламжлал, оюун сэтгэлгээ ур ухааны өндөр их соёлыг цогцлоон буй болгосон бөлгөө. Мянга мянган жилийн өмнөөс зуунаас зуун дамжин нүүдэллэж аж төрөхдөө дөрвөн улирал бүхий байгаль цаг агаарын эрс тэс хувиралттай аян нүүдэлд зохицсон аж төрөхүйн хэв маяг бүрэлдэж, түүнээ таацсан эдийн соёл үүсэн хөгжсөн байна. Ялангуяа нүүдлийн мал аж ахуй, ан гөрөө эрхлэх, нүүж суухад тохирсон эдлэл хэрэглэл он цагийн шалгарлыг туулжээ. Монголчууд өөрсдийн гоо сайхны таашаал, урлагийн сэтгэлгээгээ ахуйн эдлэл хэрэглэлдээ шингээн илэрхийлсэн нь үлэмж. Монголчуудын эдийн соёл нь төв Азийн тэгш өндөрлөг дэх уугуул нутаг усандаа идээшин буй болсон төдийгүй аян дайнаар хаяа хязгаар тэлсэн өрнө дорнын соёлын нөлөөллөөр баяжин арвижсан ажгуу.

Нүүдэлчин ард түмний эдийн соёлын үлэмж хэсэг нь аян холын замд гээгдэн үгүй болохын хамт, хоромхоноо хувьсан өөрчлөгдөж байдгаас эдүгээ цаг үед уламжлан хадгалагдаж үлдсэн нь тийм ч их бус аа. Гэвч, их сав ёроолдоо эрдэнэтэй гэгчээр зуунаас зуун руу, нэг иргэншлээс нөгөө иргэншил рүү, өвгө дээдсийнхээ эдийн соёлыг авч нүүсээр өдгөө цаг үед хүргэж авчирсан нь чамгүй.

Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүйн үлгэрээр зах зээлийн харилцаанд шилжсэн сүүлийн хориод жилд монгол нүүдэлчдийн соёл иргэншилд огцом хувьсалт явагдаж, нүүдэлчин малчдын амьдралын хэв маяг өөрчлөгдөн даяаршлын давалгаанд эдлэл хэрэглэлийн хуучин өв арилан замхарч, дэлхий дахины эдүгээ цагийн нийтлэг хэрэглээнд шилжих явц маш хурдацтай ажиглагдаж байна.

Чухам ийм үед сүүлийн хориод жилийн турш эрэн сурвалжилж олсон эдлэл хэрэглэлийн цуглуулгадаа тулгуурлан энэхүү номыг бид бүтээж, уншигч олондоо толилуулж байна. Бидний цуглуулгын голлох хэрэглэгдэхүүн нь XIX зууны сүүлч, XX зууны эхэн үетэй холбогдож буй бөгөөд номын судалгааны цар хүрээг тэлэх зайлшгүй шаардлагаар музейн үзмэрийн сан хөмрөг ба бусад эдийн соёлтой холбоотой материалыг ашиглан номоо баяжуулсан болно.

Урьдын түүх ул болж, эдүгээн иргэншил зул болж байгаа хэдий ч улс үндэсний түүх, оюун сэтгэлгээ, ахуй амьдралыг судлан шинжлэх, танин мэдэх хэрэгцээ улам их болж байгаа нь ийм нэгэн ном бүтээх эрэлт шаардлагыг буй болгов.

Монгол нүүдэлчдийн эдийн соёл хэмээх энэхүү цомог нь монголын түүх соёлыг судлаач, сонирхогч нарт очүүхэн ч атугай тус нэмэр болох аваас эрэн бэдэрч, чилээн чимхэж, хичээн зүтгэж, хэлхэн эвлүүлж ном бүтээсний хэрэг сэтгэлчилэн бүтэх нь тэр больюу.

Сайн үйлс дэлгэрч, номын цагаан буян арвижих болтугай.


Эдийн соёлыг ангилал

  • Монгол айл гэрийн соёл
  • Монгол айлын сав суулга
  • Монгол хувцас, гоёл чимэглэл
  • Монгол нүүдэлчдийн мал аж ахуй эрхлэх соёл
  • Монголчуудын шүтээн соёл
  • Монгол бичиг соёл
  • Монгол үндэсний хөгжмийн зэмсэг
  • Монгол үндэсний тоглоом наадгайн соёл
  • Монгол ардын уламжлалт эмнэлгийн соёл
  • Монгол урлахуйн соёл
  • Монгол зэр зэвсгийн соёл

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Ёс заншил, Монгол судлал