Алтайн аялгуу

Сүхбат. Ш
Алтайн аялгуу

0 үнэлгээтэй

Захиалгын код: MB2014072202
Хэвлэгдсэн он: 2009
Нүүрний тоо: 84
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.8 x 14.5 x 0.7
Хүргэлтийн жин: 200 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 5,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Монгол Алтайн нурууны өвөр талаар орших Таван Богдоос Таван хумст уул хүртэлх нурууны хоёр талаар нутаглаж ирсэн. Урианхайн 7 хошуу эрт дээр үеэс тэнгэр шүтэж, уул усаа тахиж, мал ахуйгаа өсгөн, ан гөрөө хийн аж төрж ирсэн эртний язгуурын монголчуудын нэг хэсэг нь юм. Урианхайчууд Цаст Атаа таван тэнгэр уулыг тайж, Алтайн арван гурван сан савсалгыг таслалгүй залбирахын зэргэцээ монгол урианхайн баатарлаг их туульс, эрт цагаас эхтэй бөөгийн их шашин мөргөл, икэл, модон цуур, хоолойн цуур хөөмэйн урлагийг үе уламжлан язгуур эхээр нь уламжлуулсан ард түмэн ажгуу.

Үүний нэг жишээ нь олон зууны тэртээ Шинчэ баян урианхай гэдэг хүн Бурхан Халдун уулыг эртний заншлаар тахиж улмаар Эзэн Чингис хааныг энэ уулын өвөрт төрөхөд шадар сайн нөхөд нь болж явсан алдарт есөн өрлөгийн хоёр нь болох Зэлмэ, Сүбээдэй нараар энэ түмдийг захируулж ирсэн. Үүнээс гадна бас нэгэн түүх бол Алтайн урианхайчууд Алтайн Атаа таван тэнгэр (Алтай таван богд) уулыг тахиж түүний баруун урд талаас урсах уулын оргилын мөсөн голоос тэжээгдсэн алдарт "Хар ээвэн, Хоо ээвэн" голын эхэнд мөнх тэнгэрийн тахилга хийж байжээ. Энэ тахилгад хаад ноёд, бөө зайран, туульч, цоорч, хөөмэйч нар цуглан сууж Алтайн арван гурван хайрхдын эзэд болон мөнх тэнгэрийг дуудан тууль хайлж тахидаг заншилтай байжээ. Гол төлөв цагаан сарын шинийн нэгний өглөө нар дөнгөж мандах үед энэ зан үйлийг хийдэг байжээ.

 

Алтайн хэлтэн монгол угсаатан Алтай таван богдын ар өврөөр олон мянган жилийн турш нүүдэллэн нутаглаж ирсэн түүхтэй. Монгол Алтай таван богд бол монголчуудын эртний өлгий нутгуудын нэг юм. Эндээс монголчууд дэлхийн дөрвөн зүг рүү таран нүүсэн хэмээх түүхэн домог ч байдаг. Алтай таван богд бол эртний монголчуудын арван гурван их хайрхадууд юм, Энэ уул Хятад, Монгол, Орос зэрэг гурван улсын нутгийг дамнан оршдог бөгөөд 1500 орчим км үргэлжилдэг ажээ. Монголын түүх соёлын өвөг их сан энд буй билээ.

Алтайн аялгуу хэмээх энэхүү бэсрэг номон дотор манай туульсын урлагийн хамгийн том төрөл болох тууль хайлах ёс, түүнийг дагалдан гарч ирсэн хөгжмийн зэмсгүүдийн тухай, ер нь монгол туургатны төгс төгөлдөр урлагийн нэг болох тууль хайлах ёсны талаар товчхон боловч мэдээлэхийг зорихдоо тэр нь миний судлан буй бөөгийн шашинтай эх хүйсийн холбоотой болохыг танин мэдсэний учир билээ. Б.Ринчен "Монгол бөөгийн судлагдахуун" хэмээх бүтээлдээ: “...бөө судлалын холбогдолтой зохиолууд болох Баатарлаг туульс, үлгэр, домог, зүйр цэцэн үгс зэрэг болон дуулал зэргийг цуглуулах явцад энэхүү хэлний агуу их баялаг болон гоё сайхныг миний бие гайхан биширсэн билээ" хэмээжээ.

Бөө бол монголчуудын анхны язгуурын шашин бөгөөд түүн дотор монголын бүх урлаг багтаж байдаг ажгуу. Үүнийг өгүүлэхийн учир тууль хэмээх агуу их бүгээл нь Монголчуудын оюуны томоохон соёл мөн бөгөөд энэ нь төгс төгөлдөр цогц урлаг хэмээн бодож байна. Ингэхийн учир монголчуудын гүн ухааны уламжлал нь хосолмолын онол, гурамслалын онол, таван цогцын онолоор тодорхойлогддог бөгөөд хосолмол чанараас үүдсэн бүхэн түүний үр болон гурамсалж энэ нь хөгжлийн явцдаа тавтын цогц онолыг буй болгон энэ нь төгс төгөлдөрийг илэрхийлдэг билээ. Тууль, тууль хайлах, хөөмэйлэх, цуурдах, товшуурдах энэ таван цогц урлаг нийлбэрээрээ өөрөө дахин өөрчлөгдөшгүй хөгждийн туйлд хүрсэн төгс төгөлдөр урлаг болох юм. Ийм төгс төгөлдөр зүйл монголд олон байдгийн нэг нь монгол гэр, тооно, багана, унь, хана, хаалга энэхүү тав нь түүний өөрчлөгдөшгүй төгс төгөлдөрийг харуулдаг билээ.

Манай монгол болон гадаадын судлаачид тууль, хөөмэй зэргийг судлан үзэхдээ түүний хоорондын нягт уялдаа холбоо амин сүлжээг анзаарч үздэггүйн зэрэгцээгээр энэ нь бөөгийн тамлага, дуудлага, ерөөл, магтаал, залбирал айлтгал зэрэг аман яруу найргийн уламжлал болохыг анзаарч үздэггүй нь тоогүй хэрэг юм. Аливаа зүйл өөрийн эхлэл, үүсгэл гаралтай байдгийг бид бүгд мэдэх юм. Миний бие олон жилийн турш бөөгийн шашны язгуур чанарыг судлах явцдаа манай соёлын ихэих бүтээлүүд байгалиас эхлэлтэй хүний оюун ухаанаар бүгээгдсэн хосолмол бүтээл бөгөөд үндэсний соёлын язгуур эх болж байдгийг олж харсан билээ. Бөө бол төгс төгөлдөр шашин мөн. Түүний шүтлэгийн гурван үндэс тэнгэр, газар, онгод гурамсалж байдаг бөгөөд энэхүү гурамсалын үр дүн нь бөөгийн онгод, хэнгэрэг, хуур, хувцас хэрэглэл, тамлага дууддагаар төгөлдөржиж таван цогц онолд багтаж байдаг юм. Монголчуудын гүн ухааны дээрх гурван чиглэлийг нарийвчлан судлах шаардлагатай юм.

Ийнхүү миний бие "Алтайн аялгуу" номонд тууль хайлж онгод дуудаж, хүний зан үйлийн зарим нэгэн заслыг хийж ирснийг харуулахыг зорихдоо энэхүү таван соёл нь нэгдмэл нэг цогц байж сая өөрийгөө бүрэн төгөлдөр илэрхийлж байдгийг харуулахыг зорьсон билээ. Үүнийг ч одоо амьд сэрүүн байгаа туульч зайрангууд болон түүхэн баримтууд нотолж байгаа юм. Ард түмний соёлыг тус тусад нь салангид авч үзэх нь түүний жинхэнэ мөн чанарыг илэрхийлэх боломжгүй болгож байдаг юм. Ийм учраас энэхүү бүтээлд соёлын нэгээхэн хэсгийн хоорондын салшгүй хүйн холбоог тодотгон харуулахыг зорьсон билээ. Монголын үндэсний соёл хөгжин бадрах болтугай!

 

Өмнөх үг
1.     Алтайн Урианхайн түүхэн товч    5
2.     Алтайн магтаал                          9
3.     Тууль хайлж онгод дуудна         25
4.     Цуур хөгжмийн аялгуу               57
5.     Хөөмэйн эгшиглэн                     67
6.     Товшуур хөгжмийн хөг эгшиг    77
7.     Ном зүй                                    83 

 

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Бөө судлал, ардын урлаг, дуу хөгжим,